A-
A
A+

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үзмэр

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 80 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан "Эрдэнэсийн сангийн үзмэр"-ийг байгуулж, Эрдэнэсийн санд хадгалагдаж буй түүх соёлын хосгүй үнэт зүйлс, археологийн олдворын дээжээс олон нийтэд дэлгэн үзүүлэх боломж бүрдсэн.

Эрдэнэсийн сангийн танхим:

"Эрдэнэсийн сан"-ийн үзмэрийн танхимд Шашин төрийг хослон баригч Богд хааны алт, мөнгө, хаш тамганууд, манж, төвд, хятадаас Богд хаанд ирүүлсэн алтан өргөмжлөлүүд, хүннүгийн үеийн түүхэн олдворууд зэрэг түүхийн хосгүй үнэт, үнэт зүйлс болон түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан үнэт, уран дархчуудын урласан ховор нандин эдлэл хэрэглэлүүдийг дэглэн харуулсан.

Мөнгөн тэмдэгтийн танхим

Монголбанкны үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд олон улсын төв банкнуудын жишгээр Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн түүхийг харуулсан Мөнгөн тэмдэгтийн танхимыг нээсэн. Мөнгөн тэмдэгтийн танхим нь Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний хаадын зоос, XVII-XX зууны үед Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байсан эд зүйлс /цай, замын чек, облигац/, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоосоор дамжуулан Монгол улсын төлбөрийн хэрэгслийн хөгжлийн түүхийг харуулах үндсэн зорилготой.

"Эрдэнэсийн сангийн үзмэр"-ийг үзэж сонирхох иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлтээ энд дарж илгээх бөгөөд үзмэрийг үзэх цагаа ажлын өдрүүдэд товлох боломжтой.