A-
A
A+

Мөнгөний бодлогын дохиолол: Бодлогын хүү

Төв банкнаас арилжаалж буй хамгийн богино хугацаатай үнэт цаасны хүүг бодлогын хүү гэдэг. Монголбанк 2018 оны 4 дүгээр сараас эхлэн 28 хоногтой Төв банкны үнэт цаасны хүүг бодлогын хүү болгон зарлаж эхэлсэн.

Онолын дагуу мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон зээлийн хүүд нөлөөлдөг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг. Тухайлбал, бодлогын хүү нэмэгдсэнээр/буурснаар (хатуу/зөөлөн бодлого) банкууд эрсдэл багатайгаар харьцангуй өндөр/бага өгөөж олох боломжтой болж, банкууд шийдвэр гаргалтаа өөрчилж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү нь банк хоорондын захын хэлцлийн жигнэсэн дундаж хүүний хөтөч хүү болдог байна.

Монголбанкны бодлогын хүүний өсөлт мөнгөний хатуу бодлогыг илэрхийлэх бөгөөд инфляцын хөөрөгдлийг бууруулах, мөнгө, зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж, зохистой төвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чиглэгддэг билээ. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг байна. Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчилсөөр 2020 оны 3 дугаар сард 10 хувь хүргээд байна.

Мөн Монголбанкнаас банк хоорондын захын жигнэсэн дундаж хүүг бодлогын хүү орчимд хадгалж, мөнгөний бодлогын шилжих механизмыг сайжруулах зорилгоор бодлогын хүүтэй уялдуулан хүүгийн коридор системийг ашигладаг. Энэхүү систем нь бодлогын хүүгээс тодорхой интервалд байгуулагддаг бөгөөд бодлогын хүүгээс +/- 1 нэгж хувьд байхаар тогтоод байна.

Бодлогын хүүг өөрчлөх эсэх талаар Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл улирал бүр хуралдаж, хурлын шийдвэрийг Мөнгөний бодлогын мэдэгдлээр дамжуулан олон нийтэд мэдээлж байна.

Мөнгөний бодлогын мэдэгдлийн дэлгэрэнгүйг эндээс харна уу.