Үнийн тогтвортой байдал бол мөнгөний бодлогын урт хугацааны үндсэн зорилт юм
Эдийн засгийн үйл ажиллагаа зөв явагдахад мөнгөний үүрэг маш чухал юм. Энэхүү үүргийг хангахын тулд Төв банкны мөнгөний бодлого нь инфляцыг тогтвортой бага түвшинд байлгаснаар төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах учиртай.
Инфляцыг тогтвортой бага түвшинд байлгах (үнийн тогтвортой байдлын тухай үзэл баримтлалыг чухамхүү ингэж ойлгодог) зорилго нь улс орны эдийн засгийг тогтвортой хөгжлийн замд хүргэх өргөн цар хүрээтэй зорилгод чиглэгдэнэ.
Үнэндээ Төв банкны зүгээс улс орны хөгжил дэвшилд оруулж буй хамгийн том тус нэмэр нь хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэлийг тогтвортой үнээр төсөөлүүлэн бий болгодогт оршино. Үнийн тогтвортой байдал нь хадгаламж, хөрөнгө оруулалт, бүтээмжээс олох хожоог урамшуулах бөгөөд тэдгээр нь эдийн засгийн өсөлттэй салшгүй холбоотой билээ. Үүгээр зогсохгүй, тогтвортой бага инфляц нь орлогын хувиарлалт талаасаа ч тустай зүйл юм, учир нь ажил эрхлэлтийн түвшинг өсгөх бөгөөд нийгмийн эмзэг бүлгийнхний бодит орлогыг хамгаална.
Мөнгөний урт хугацаан дахь нейтрал чанар
Мөнгөний бодлого нь урт хугацааны эдийн засгийн өсөлтөд дан ганц үнийн тогтвортой байдлаар л хувь нэмрээ оруулахаас биш өөр ямар ч аргаар нөлөөлж чадахгүй билээ.
Богино хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүллээ гэхэд үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, ажилгүйдэл буурах боломжтой. Гэвч урт хугацаанд цалин, үнэ нэмэгдснээр бүтээгдэхүүний хэмжээ өсөхгүй төдийгүй ажилгүйдлийн түвшин ч буурдаггүй байна.
Урт хугацаанд мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлт нь зөвхөн үнийн өсөлт дээр л тусгалаа олох энэхүү зарчмыг "мөнгөний нейтрал чанар" гэдэг. Урт хугацаанд бодит орлого, ажил эрхлэлтийг технологийн хөгжил, хүн амын өсөлт зэрэг хүчин зүйлс тодорхойлдог байна.
Харин богино хугацаанд Төв банк эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг зөөлрүүлэх буюу санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналт, ажилгүйдлийг дагуулах дотоодын эрэлтийн цочмог савалгаанаас зайлсхийх зарчмыг баримталдаг байна. Төв банк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах эрхтэй цорын ганц институт юм. Нөөц мөнгийг нийлүүлэх монополь эрхийг эдэлж байдгийн хувьд төв банк нь банкинд зээл олгох нөхцлийг тодорхойлох ба ингэснээр арилжааны банкуудын өөр хоорондоо өгч авалцах зээлийн буюу мөнгөний захын хүүнд нөлөөлөх чадвартай байдаг.
Нийт эрэлт огцом хумигдах буюу хэт тэлэх үед Төв банк мөнгөний захын хүүнд, улмаар үйлдвэрлэлийн хэмжээ, үнийн түвшинд нөлөөлөхийг зорьдог байна. Энэхүү маш нарийн, түвэгтэй үйл явцыг мөнгөний бодлогын шилжих механизм гэх ба түүний ДНБ болон ажил эрхлэлтэд үзүүлж болох богино хугацааны нөлөөлөл нь мөнгөний бодлогын шилжих механизмын сувгуудаас хамаардаг байна.
Ийнхүү мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь эдийн засаг, ажил эрхлэлтэд үзүүлж болох богино хугацааны нөлөөллийг харгалзан үзэх замаар урт хугацааны үнийн тогтвортой байдлыг хангахад оршино.
Инфляц бол мөнгөний үзэгдэл
Мөнгөний бодлого нь эдийн засгийн өсөлтөд дан ганц үнийн тогтвортой байдлаар л хувь нэмрээ оруулдаг талаар дээр дурьдсан билээ. Төв банк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх буюу богино хугацаат хүүг инфляцтай харьцуулахад хэт доогуур байлгаснаар эдийн засгийн урт хугацааны өсөлтийг тэтгэж чаддаггүй байна. Төв банк харин зөвхөн үнийн ерөнхий түвшнийг л хянах боломжтой.
Эцсийн дүндээ инфляц бол мөнгөтэй холбоотой үзэгдэл юм. Инфляц өндөр байх нь ихэнхдээ эдийн засагт хэт их мөнгө нийлүүлэгдсэнтэй холбоотой байдаг. Нийт эрэлт, технологийн өөрчлөлт, бүтээгдэхүүний үнийн уналт зэрэг хүчин зүйлс нь инфляцд нөлөөлж болох боловч тодорхой хугацааны дараа тэрхүү нөлөөллийг мөнгөний бодлогоор саармагжуулах боломжтой байдаг байна.
Латин Америк орнуудын инфляц болон мөнгөний өсөлт, 1989-1999 он
Эх сурвалж: International Financial Statistics