A-
A
A+

Үндэсний төлбөрийн системийн зөвлөл

Монгол Улсын "Үндэсний төлбөрийн системийн тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлд "Монголбанк Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийг байгуулна" гэж заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн байгуулсан.

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдахаас өмнө Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2008 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хамтарсан тушаалаар Төлбөр тооцооны үндэсний зөвлөлийг байгуулж, төлбөрийн системийн оролцогчдыг хамруулан ажиллаж байсан.

Зөвлөл нь үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааны болон техник стандартыг тогтоох, мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны клиринг, төлбөр тооцоо, төлбөрийн үйлчилгээнд нөлөөлж болзошгүй бусад асуудлыг зохицуулах, хянах талаар зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр орон тооны бус, хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулна.

Үндсэн зорилт: Монгол Улсын төлбөрийн системийг боловсронгуй болгож, хөгжүүлэх, улмаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд системийн оролцогчдын хамтын ажиллагааг бий болгон, өргөжүүлэх замаар санхүүгийн системийн эрүүл, тогтвортой байдлыг дэмжих, системийн оролцогчдын эрх ашиг, сонирхол, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгтгэх, үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратегийг тодорхойлоход оршино.

Бүрэлдэхүүн: Монголбанк, санхүүгийн байгууллагыг хянан зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл болон үндэсний төлбөрийн системийн оролцогчийн төлөөлөл тус тус багтдаг.

Үйл ажиллагааны үндсэн хэлбэр: Жил бүрийн ээлжит хуралдаан.

Тус хурлаар төлбөрийн системд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх талаар зөвлөмж гаргах, төлбөрийн системийн хөгжил, үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага, нийгэмд үзүүлэх үр нөлөө болон эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой мэдээлэл солилцох боломжийг оролцогчдод олгож, зөвлөлийн дарга, гишүүдээс санал болгосон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг.

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн гишүүд:

  • Монголбанк;
  • Банкууд;
  • Сангийн яамны Төрийн сангийн газар;
  • Санхүүгийн зохицуулах хороо;
  • Харилцаа холбооны зохицуулах хороо;
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар;
  • Хөрөнгийн бирж;
  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв;
  • Арилжааны төлбөр тооцоо ХХК;
  • Монголын банкны холбоо;
  • Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо;
  • Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо;
  • Төлбөрийн системийн бусад оролцогч, операторын төлөөлөл.

Зураг 1. Түүхэн хөгжил 

Зураг 2. Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн бүрэлдэхүүн