Сангийн яамны шийдвэрийн дагуу 2017 оны 11 дүгээр сараас хойш ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа нээлттэй зарлагдаагүй байна.
Засгийн газрын санхүүгийн удирдлагыг сайжруулах, мөнгөний бодлогын арга хэрэгслийг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оны 10 дугаар сараас эхлэн Засгийн газар Монголбанкаар дамжуулан Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ыг анхдагч зах зээл дээр гарган, арилжаасан билээ. ЗГҮЦ нь санхүүгийн зах зээл дэх хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл бөгөөд хүүгийн орлого нь албан татвараас чөлөөлөгддөг давуу талтай байна. Иймд ЗГҮЦ-ны тогтмол арилжаа нь эрсдэлгүй хүүгийн жишгийг санхүүгийн захад тогтоох буюу өгөөжийн муруйг бүрдүүлэх, богино хугацаат хүүгийн урт хугацаат хүүнд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох, санхүүгийн захын идэвхийг нэмэгдүүлэх зэргээр санхүүгийн захын хөгжлийг олон талаар дэмждэг байна.
2012-2017 он хүртэл Монголбанкаар дамжсан ЗГҮЦ-ны арилжаа дараах схемээр явагдаж байв.
Схем 1. Монголбанкаар дамжсан ЗГҮЦ-ны арилжааны схем /2012-2017 он/
Засгийн газрын үнэт цаасны арилжааны схем
- Сангийн яам Засгийн газрын үнэт цаасны арилжааны мэдэгдлийг Монголбанкаар дамжуулан зарлах;
- Засгийн газрын үнэт цаас худалдан авах сонирхолтой иргэн, хуулийн этгээд банкаар дамжуулан Монголбанкинд арилжааны санал хүргүүлэх;
- Засгийн газрын үнэт цаасны арилжааны үр дүнг Монголбанк, Сангийн яам мэдээлэх;
- Засгийн газрын үнэт цаасны төлбөрийг шилжүүлэх;
- Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв Засгийн газрын үнэт цаасны эзэмшигчийн бүртгэлийг хөтлөх.
2017 оны 11 дүгээр сард ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа тодорхойгүй хугацаагаар зогссон бөгөөд үүнээс хойш зөвхөн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа банк хооронд хийгдэж байв.
Харин Засгийн газрын 2019 оны 77 дугаар тогтоолын хавсралтаар “Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журам” батлагдсан бөгөөд энэхүү журамд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулжээ. Тус журамтай ЭНД дарж танилцана уу.