27.1 дүгээр зүйл. Монголбанкны Хяналтын зөвлөл
- Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа Улсын Их Хурал, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрх бүхий орон тооны бус Хяналтын зөвлөл ажиллана. Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал тогтооно.
- Хяналтын зөвлөл нь төрийн мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар шийдвэр гаргахад аливаа хэлбэрээр оролцохгүй.
- Хяналтын зөвлөл нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилж, чөлөөлнө.
- Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн нь банк, санхүү, эдийн засаг, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн, эдгээр салбарын ажлын дадлага туршлагатай, ёс зүйн хувьд төлөвшсөн, дараахь шаардлагыг хангасан хүн байна:
- Монгол Улсын 30-аас дээш насны иргэн, ял шийтгэлгүй;
- банк, санхүү, эдийн засаг, хууль зүйн мэргэжлээр магистрын болон түүнээс дээш зэрэг, цолтой.
- Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээр банк, санхүү, эдийн засгийн салбарын асуудал хариуцсан төрийн байгууллагад өмнө нь ажиллаж байсан хүнийг томилж болно.
- Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээр Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, төрийн улс төрийн бусад албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, төрийн захиргааны албан тушаалтан, Монголбанкны удирдах албан тушаалтныг томилж үл болно.
- Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь дараахь тохиолдолд чөлөөлж болно:
- биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, уг ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн;
- үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;
- гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон;
- ашиг сонирхлын зөрчил үүссэн.
- Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд чөлөөлж үл болно.
- Хяналтын зөвлөл нь энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг дараахь хүрээнд хэрэгжүүлнэ:
- Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааг тогтоосон журмын дагуу авч хэлэлцэх;
- Монголбанкны дотоод аудитын газрын хянан шалгагч болон тус банкны санхүүгийн тайланд аудит хийсэн байгууллагын аудитортой харилцаж, санал солилцох;
- шаардлагатай гэж үзвэл Монголбанкны үйл ажиллагаа, менежментийн аливаа асуудал, тодорхой гүйлгээнд шалгалт, аудит хийлгэх санал гаргах;
- Монголбанк энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд тайлан, танилцуулга хүргүүлэх үед өөрийн үйл ажиллагааны тайланг хүргүүлж байх.
Хяналтын зөвлөлийн гишүүд
Д.Даваасамбуу | Хяналтын зөвлөлийн дарга |
Б.Цэрэнбалтав | Хяналтын зөвлөлийн гишүүн |
Б.Лхагважав | Хяналтын зөвлөлийн гишүүн |
Л.Дондог | Хяналтын зөвлөлийн гишүүн |
Л.Ариунаа | Хяналтын зөвлөлийн гишүүн |
М.Энх-Амгалан | Хяналтын зөвлөлийн гишүүн |
Ч.Чимидсүрэн | Хяналтын зөвлөлийн гишүүн |