Үнийн тогтвортой байдал гэдэг нь эдийн засаг дахь үнийн ерөнхий түвшинтэй хамаатай ойлголт юм. Үнийг тогтвортой байлгана гэдэгт инфляцаас төдийгүй дефляциас ч зайлсхийх явдлыг ойлгох учиртай. Үнийн тогтвортой байдал нь ДНБ болон ажил эрхлэлтийн өсөлтөд дараахь байдлаар хувь нэмрээ оруулна. Үүнд:
- Үнэ тогтвортой байгаа үед иргэдэд харьцангуй үнийн өөрчлөлтийг мэдрэхэд хялбар болох ба улмаар хэрэглээ, хөрөнгө оруулалтын шийдвэрийг илүү оновчтой гаргах боломж бүрдэнэ;
- Үнэ тогтвортой байснаар хүүний инфляцын эрсдлийн урамшууллын хэмжээ буурах боломжтой болно. Ингэснээр хүүний түвшин буурч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ;
- Инфляц /дефляци/-ийн сөрөг нөлөөг зөөлрүүлэхэд чиглэсэн үр ашиггүй үйл ажиллагаанаас татгалзах боломжтой болно;
- Эдийн засгийн үйл хөдлөлийг гажуудуулж болзошгүй татварын болон нийгмийн даатгалын тогтолцооны сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх боломжтой;
- Баялаг, орлогын зохимжгүй хувиарлалтаас урьдчилан сэргийлнэ;
- Санхүүгийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулдаг байна.
Жил жилийн төрийн мөнгөний бодлогын чиглэлд инфляцын зорилтот түвшин тусгалаа олж байдаг. Харин "үнийн тогтвортой байдал" гэдэгт Монгол улсын хувьд юуг ойлгох ёстой вэ? түүний тоон хэмжүүр нь юу вэ? зэрэг асуудал нь өнөө хэрнээ тодорхойгүй байна.
Тухайлбал, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл"-д ХҮИ-ээр илэрхийлэгдэх инфляцыг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байхаар заажээ. Хэрвээ үнэ 2012 онд 10 хувь дотор өсвөл үнийн тогтвортой байдал хангагдаж байна гэж үзэх үү? Харин инфляц 10 хувиас давбал үнийн тогтвортой байдал алдагдаж байна гэж үзэх үү? Эдгээр асуудалд шууд хариулах боломжгүй юм.