Банк хоорондын зах (БХЗ)-д нөөц нийлүүлэх хэрэгсэл буюу репо арилжаа
Төв банкны репо арилжаа нь нээлттэй зах зээлийн хэрэгслийн нэг бөгөөд Монголбанкнаас банкны эзэмшиж буй үнэт цаасыг хугацааны эцэст урьдчилан тохиролцсон үнээр буцаан худалдах нөхцөлтэй худалдан авах замаар банкны системд нөөц нийлүүлэх хэрэгсэл юм.
“Төв банкны репо арилжааны журам”-д заасны дагуу Төв банкнаас репо арилжааг нэг долоо хоног хүртэл (богино хугацаатай) болон түүнээс урт хугацаатай (2-3 жил)-гаар зарлах боломжтой.
Богино хугацаат репо арилжаа:
/Монголбанкнаас 2015 оноос хойш нэг долоо хоног хүртэлх хугацаатай репо арилжаа зохион байгуулаагүй байна./
Банк хоорондын зах дээрх богино хугацааны нөөцийн хэлбэлзлийг бууруулах, богино хугацаатай хүүг удирдах зорилгоор нөөц нийлүүлэх шаардлагатай үед Төв банк нөөцийн таамаглалд үндэслэн репо арилжаа зарладаг. Гэхдээ Монгол улсын БХЗ-ын бүтцийн илүүдэл нөөцийг харгалзан уг хэрэгслийг одоогоор ашиглах шаардлага үүсэхгүй байна. Журмын дагуу 7 хүртэл хоногийн хугацаатай репо арилжааг тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлаагүй эсвэл хүүгийн доод хязгаартай, хэмжээ хязгаарлаж, хүүгээр өрсөлдүүлэх хэлбэрээр зохион байгуулах боломжтой.
Репо арилжааны тогтмол хүү эсвэл хүүгийн доод хязгаар нь дараах хэлбэртэй байна:
Репо арилжааны хүү = ТБҮЦ-ны хүүгээр өрсөлдөх арилжааны хүүгийн дээд хязгаар
Төв банкны репо арилжааг Монголбанкны Эрсдэлийн Удирдлагын Алба (ЭУА)-наас гаргасан барьцааны жагсаалтад тусгасан үнэт цаас (Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, бусад)-аар олгох боломжтой байдаг.
Урт хугацаат репо арилжаа:
Монголбанкны үндсэн зорилтын нэг болох үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих үүднээс экспортын орлогыг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж 2-3 жилийн хугацаатай репо арилжааг 2020 оны 11 дүгээр сараас эхлэн зохион байгуулж эхлээд байна. Төв банкны репо арилжааны журмын 2.5 дахь заалтын дагуу урт хугацаат репо арилжааны хугацаа, хэмжээ, нэмэлт нөхцөлийг Мөнгөний бодлогын хорооны тогтоолд үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч баталдаг.
Холбоосууд:
Мөнгөний бодлогын хорооны шийдвэр
Журам тушаал
Мэдээлэл
Асуулт/Хариулт
1. Хөтөлбөрийн талаар нэгдсэн мэдээлэл хаанаас авах боломжтой вэ?
Монголбанкны цахим хуудаст репо арилжаа цэсээс хөтөлбөртэй холбоотой нэгдсэн мэдээллийг авах боломжтой. Үүнд уг хөтөлбөрийн хүрээнд гарсан Төв банкны репо арилжааны журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, хөтөлбөртэй холбоотой бусад мэдээлэл, мөн санал, гомдол хүлээн авах цэс байршсан.
2. Репо хөтөлбөрийн хүрээнд зээлдэгчид тавьж байгаа шалгуурын мэдээллийг хаанаас харж болох вэ?
“Урт хугацаат репо арилжааны хэмжээ, нэмэлт нөхцөлд өөрчлөлт оруулах тухай” тушаалын хавсралтын дагуу зээлдэгчийн шалгуурыг тогтоож байна.
3. Хөтөлбөрт ямар салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээд хамрагдаж болох вэ?
Хөтөлбөрт дараах этгээд хамрагдах боломжтой. Үүнд:
- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид /уул уурхайн бус салбар/: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасны дагуу буюу 200 хүртэл ажилтантай, 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой иргэн, аж ахуйн нэгж хамрагдах боломжтой (холбогдох хуулийг эндээс үзэх);
- Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж: Улаанбаатар хотоос гадна буюу орон нутагт уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүд;
- Уул уурхайн бус экспортын чиглэлтэй аж ахуй нэгж: Монголбанкны Ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 сарын 13-ны өдрийн А-30/1/28 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Монгол улсын төлбөрийн тэнцлийг боловсруулах аргачлалын 2.1.1, болон 2.1.2-д заасны дагуу гадаад улс руу (i) Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах; эсвэл (ii) Үйлчилгээ үзүүлэн валют дотоодод оруулдаг уул уурхайн бус салбарын аж ахуй нэгж репо хөтөлбөрт хамрагдах боломжтой (холбогдох аргачлалыг эндээс үзэх);
4. Уул уурхайн бус экспортын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд хамрагдах уу? Хамрагдвал ямар салбарын аж ахуй нэгжүүд хамрагдах вэ?
Дээр дурдсанчлан уул уурхайн бус үйлчилгээ эрхлэн дотоодод валют оруулдаг салбарууд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Жишээлбэл, үйлчилгээ эрхлэгчдийн хувьд аялал жуулчлал, зочид буудал, тээвэр, харилцаа холбоо, компьютер мэдээлэл, оюуны өмч ашиглах эрхийн гэх мэт үйлчилгээг гадаадын харилцагчдад үзүүлэн, валют дотоодод оруулдаг бол хамрагдах боломжтой.
5. Зээлдэгч уг хөтөлбөрт хамрагдвал хэдэн хувийн хүү төлөх вэ?
Зээлийн хүү: 17.0% (2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар) Зээлийн хүү нь санхүүжилт авах үед мөрдөгдөж буй Монголбанкны репо арилжааны хүү дээр 3 нэгж хувийг нэмснээс ихгүй бөгөөд тогтмол байна. Өөрөөр хэлбэл, зээл олгогдсоноос хойш Бодлогын хүү өөрчлөгдөж, улмаар репо арилжааны хүү өөрчлөгдөх тохиолдолд өмнө нь олгосон зээлд хамаарахгүй. Жишээлбэл 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Монголбанкны репо арилжааны хүү жилийн 14.0% байгаа бөгөөд зээлдэгч 17.0%-иас ихгүй хүүтэйгээр шинээр зээл авах, өмнө авсан зээлийг дахин санхүүжүүлэх боломжтой.
6. Хөтөлбөрийн хүрээнд ямар хугацаатай шинэ зээл авах, зээлээ дахин санхүүжүүлэх боломжтой вэ?
Зээлийн хугацаа: 2 жилээс багагүй. Монголбанкнаас банкуудад репо арилжаагаар 2 жилийн хугацаатай санхүүжилт олгож байна. Уг санхүүжилтээр банкууд 2 жилээс доошгүй хугацаатай зээлийг шинээр олгох, эсвэл зээл төлөгдөж дуусахад 2 жилээс доошгүй хугацаа үлдсэн зээлийг дахин санхүүжүүлж болно. Дахин санхүүжүүлэх зээлийн хувьд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж дээр дурдсан шаардлагад хугацааг нийцүүлэн сунгасан тохиолдолд шаардлага хангасан зээл гэж үзнэ.
7. Хөтөлбөрийн хүрээнд үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болох уу?
Монголбанкнаас тогтоосон шалгуурын дагуу зээлдэгч зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараас доошгүй хугацаанд чөлөөлөгдөх эрхтэй байхаар заасан. Хүүгийн төлбөрийн хувьд хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах боломжгүй.
8. Зээлийг хугацаанаас өмнө төлж барагдуулах хүсэлтэй тохиолдолд ямар нэгэн шаардлага, нөхцөл байдаг уу?
Зээлдэгч өөрийн хүсэлтээр зээлийн төлбөрийг урьдчилан төлөх эрхтэй.
9. Жилийн эцсийн тайлангаар шалгуур хангахгүй байсан боловч жилийн дундуур шалгуур хангасан бол шалгуур хангана гэж үзэх үү?
2 жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн хувьд сүүлийн 2 жилийн эцсийн санхүүгийн тайланд үндэслэж шалгуурыг тооцно. Хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойш хугацаанд гаргасан бүх санхүүгийн тайланд эсвэл эхлэлтийн баланст үндэслэн шалгуурыг тооцно. Иргэний хувьд дээрхтэй ижил хугацааны санхүүгийн мэдээллийг тусгасан банкны дотоод тайлан болон бусад баримтад үндэслэн шалгуурыг тооцно.
10. Монголбанкны олон нийтэд ил тод мэдээлсэн шалгуураас өөр шалгуурыг банкуудаас нэмэлтээр тавьж байгаа юу?
Монголбанкнаас тавьсан шалгуур үзүүлэлт нь зээлдэгчийг тодорхойлох голлох үзүүлэлт боловч тухайн зээлдэгчийн эрсдэлийн түвшнээс шалтгаалан банк нь нэмэлт шаардлага тавьж болно.
11. Шугамын зээлийн бүтээгдэхүүнийг дахин санхүүжүүлэх боломжтой юу?
Боломжгүй. Шугамын зээлийн эргэн төлөлтийн дүн хэлбэлзэлтэй байдгаас шалтгаалан хөтөлбөрт хамруулахгүй.
12. Шалгуурт тавигдсан зээлийн хэмжээний хувьд дахин санхүүжилт хийхдээ олгосон дүн хамаарахгүй, зөвхөн үлдэгдэл дүн нь хэмжээний шалгуурыг хангаж байвал болох уу?
Тийм. Зээлийн үлдэгдэл дүн нь хэмжээний шалгуурыг хангаж байгаа тохиолдолд дахин санхүүжилт хийж болно.
13. Санхүүгийн үзүүлэлтийг заавал татварын тайлангаар тооцох шаардлагатай юу? Ихэнх жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарын санхүүгийн байдлыг компанийн дотоод тайланд үндэслэн хийж байгаа. Банкны дотоод судалгаанд үндэслэн санхүүгийн харьцааг тооцох боломжтой юу?
Татварын тайлан болон санхүүгийн тайланд үндэслэнэ. Банкны дотоод судалгаагаар санхүүгийн харьцааг тооцож болно.
14. Зээлийн батлан даалтын санд хамрагдсан зээлийг дахин санхүүжүүлэх, эсвэл шинэ зээлийг хамруулах боломжтой юу?
Аль ч тохиолдолд боломжтой.