A-
A
A+

Мөнгөний бодлогын үндсэн зорилт

"Inflation is not the result of a curse or a tragic fate
but of a frivolous or perhaps even criminal policy." (Ludwig Erhard)
 
"Inflation is always and everywhere a monetary phenomenon." (Milton Friedman)
 
"A place that tolerates inflation is a place where no one tells the truth." (Jerry Jordan)
 
"Price Stability Should be the Overriding, Long-Run Goal of Monetary Policy." (Frederic S. Mishkin)
 
"Борьба с инфляцей и есть борьба за развитие." (Алексей Кудрин)
 

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 4-р зүйлд "Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" хэмээн тусгасан бөгөөд энэхүү ойлголтыг дотор нь 2 янзаар тайлбарлах боломжтой юм. Тухайлбал, төгрөгийн гадаад тогтвортой байдал гэдэгт төгрөгийн бусад валюттай харьцах ханшийг, харин дотоод тогтвортой байдалд хэрэглээний үнийн индексийн (ХҮИ) тогтвортой байдлыг ойлгоно.

Өнөөдрийн байдлаар дэлхийн ихэнх төв банкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал хэмээн томъёологддог байна. Олон улсын түвшинд хийгдсэн судалгаагаар төв банкны зорилтын тоо (үнийн тогтвортой байдлаас гадна) нэмэгдэх тусам нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ буурдаг нь тогтоогдсон байна.

Төв банкны зорилтын тоо ба нэг хүнд ногдох ДНБ

Эх сурвалж: BIS, 2008 /41 төв банкны судалгааны дүн/


Монгол улсын хувьд төлбөрийн тэнцлийн хөрөнгийн данс нь нээлттэй буюу гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, валютын урсгалд ямар нэгэн хориг саад, хязгаарлалт тавьдаггүй. Ийм нөхцөлд Төв банкны хараат бус байдал буюу хүүгээр дамжуулан инфляцыг хянаж байх, нэрлэсэн ханшийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн дансыг нээлттэй байлгах 3 зорилт нь "боломжгүй гурвал"-ын асуудлыг (Robert Mundell, Marcus Fleming) үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл, эдгээр 3 зорилт зэрэг хэрэгжих боломжгүй бөгөөд аль нэг хос зорилт, тухайлбал, нээлттэй хөрөнгий данс болон инфляцын тогтвортой байдал л хангагддаг байна. Дээрх жишээний хувьд төлбөрийн тэнцэл огцом муудлаа гэхэд валютын ханшийн тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй юм. Үнийн болон ханшийн тогтвортой байдал өөр хоорондоо зөрчилдөх албагүй ч нийцтэй байдал нь ихэвчлэн урт буюу 5-аас дээш жилийн хугацаанд ажиглагдах бөгөөд харин богино хугацаанд тэр болгон хангагддаггүй нь олон улсын туршлагаас харагдаж байна. Эдгээр онцлогоос шалтгаалан Монголбанк "Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл"-ийн төсөлд инфляцыг тодорхой тоонд буюу интервалд барих зорилт дэвшүүлдэг бол харин ханшийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт буюу эдийн засгийн суурь хүчин зүйлс тодорхойлно хэмээн онцолдог байна.

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл"-д ХҮИ-ээр хэмжигдэх инфляцыг 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд тогтворжуулсны дээр эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг ханган эдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдүүлэх , харин төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь "эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтална" хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 онд 7 хувиас давахгүй зорилт тавигдсан байна. Харин ханшийн тогтвортой байдал гэдэгт нэрлэсэн ханш нэг түвшиндээ байх явдлыг бус, харин огцом савалгааг гаргахгүй байх явдлыг ойлгох учиртай юм.

1997 онд Levine, 2000 онд Khan болон Senhadji нар 140-өөд орны эдийн засгийн өсөлт болон инфляцын хоорондох хамаарлыг судалсан тооцоо шинжилгээ нь эдүгээ эдийн засгийн шинжлэх ухаанд сонгодог бүтээлд тооцогдох болжээ. Тэд үлэмж хэмжээний тоо мэдээллийг зэрэгцүүлэн үзэж эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй байх инфляцын хэмжээг хөгжингүй орнуудын хувьд 1-3%, харин хөгжиж буй орнуудын хувьд 7-11% хэмээн тогтоосон байдаг. Зарим тоо жишээ дурьдвал, Евро-бүсийн гишүүн орнуудын инфляцын шалгуур үзүүлэлт жилийн 1.5-2%-иас хэтрэхээргүй байх болзлыг агуулж байдаг бол зэсийн үнээс ихээхэн хамааралтай Чили улсын хувьд инфляц 3%-иас давахааргүй байх зорилт тавигддаг байна.

Инфляцын түвшин ийнхүү өндөр байгаа нь Төв банкны хараат бус байдал бүрэн утгаараа хэрэгжихгүй байгаагийн шууд бус илрэл нь болдог байна.

Олон улсын туршлагаас харахад хараат бус Төв банктай улс орнуудын инфляц бага байдаг нь нотлогдсон байна.

Төв банкны хараат бус байдал ба инфляцын түвшин /1973-1988/

Эх сурвалж: ОУВС, Summers and Heston, OECD


Мөнгөний бодлогын хэрэгсэлд гарсан өөрчлөлт нь цаг хугацааны хоцролттойгоор инфляцд нөлөөлж байдаг. Монгол улсын хувьд энэхүү хугацааны хоцролт нь 1 хүртэл жил байдаг байна. Үүний сацуу 2006-2007 оноос эхлэн мөнгөний нийлүүлэлт болон инфляцын хоорондох хамаарал тогтворгүй, сул болж мөнгөний бодлогын арга хэлбэрийг өөрчлөх шаардлага гарсан билээ.

Ийм нөхцөлд УИХ-аас инфляцын зорилтыг жил бүр өөрчлөн томъёолох нь бодлогын хэрэгсэл мэдрэгдэх хугацааны орон зайгүй болох, инфляцын зорилтыг эхнээс нь алдах, Төв банкны үйл ажиллагааны хараат бус байдал алдагдах, улмаар Төв банкинд итгэх итгэлийг сулруулахад хүргэж байна.

Дээр дурьдсан хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд Монголбанк инфляцын зорилтыг дунд хугацаагаар томъёолох нь зохимжтой гэж үзэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд 2008-2010 оны инфляцыг дунджаар жилийн 6 хувь байлгахаар томъёолон УИХ-д өргөн барьсан билээ.

Харамсалтай нь Төв банкны энэхүү санаачилга төдийлөн дэмжлэг аваагүй бөгөөд 2009 оноос эхлэн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцын зорилтыг эргээд нэг нэг жилээр томъёолох хуучин хувилбар луу шилжсэн билээ.