A-
A
A+

Банк хоорондын овернаит арилжааны дундаж /MONIA/ индекс

Монголбанк 2017 оноос хойш дотоодын банк хооронд хийгдсэн барьцаагүй овернаит арилжааны хүүний дундаж индекс (MONIA)-ийг өдөр бүр тооцож олон нийтэд тогтмол зарлаж байна. Барьцаагүй овернаит арилжаа гэдэг нь банкууд илүүдэл нөөцөө үр ашигтай удирдах зорилгоор ямар нэгэн барьцаагүй банк хооронд зээл олгож, дараа ажлын өдрийн эхний гүйлгээгээр зээлийн төлбөрөө эргүүлэн авах хэлцэл юм.

Банк хоорондын төгрөгийн зах зээл нь өнөөдрийн байдлаар Монгол Улс дахь хамгийн өндөр дүнтэй арилжаа хийгддэг, томоохон зах зээл бөгөөд тус зах зээлд тогтож буй овернаит арилжааны хүүгийн индексийг олон нийтэд нээлттэй зарлах нь мөнгөний зах зээл дэх мэдээллийн тэгш байдлыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн өгөөжийн муруйн суурийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой.

Банк хоорондын овернаит дундаж индекс (MONIA)-ийг дараах зориулалтаар болон бусад зориулалтаар ашиглах боломж нээлттэй. Үүнд:

  1. Мөнгөний зах зээлд байгуулж буй аливаа хэлцлийн хүүг тохиролцоход суурь болгож ашиглах;
  2. Хүүгийн своп, валютын своп, валютын форвард хэлцэл болон бусад санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэлцэл зэргийг байгуулахад суурь хүү болгож ашиглах,
  3. Хадгаламж, зээл, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад суурь мэдээлэл болгох;

Дэлгэрэнгүй тоо мэдээллийг хүснэгтээр авах бол ЭНД дарж Монголбанкны статистик мэдээний сайтад зочилно уу.

*MONIA индекс нь банк хооронд хийгдсэн барьцаагүй овернаит хэлцлийн жигнэсэн дундаж хүү юм. Хэрэв тухайн өдөр банк хоорондын захад овернаит хэлцэл хийгдээгүй тохиолдолд хамгийн сүүлд овернаит хэлцэл хийгдсэн өдөр тооцогдсон MONIA индексийг хүчинтэйд тооцно.