A-
A
A+

Богино хугацаат своп/ форвард

Валютын своп, форвард хэлцэл нь банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой, Төв банкны мөнгөний бодлогын байнгын бус хэрэгсэл юм.

  • "Төгрөгийн своп" – Монголбанк өнөөдрийн ханшаар төгрөг худалдан авч, ам доллар худалдаж, хугацааны эцэст Монголбанк тохиролцсон ханшаар ам.доллар худалдан авч, төгрөг худалдах хэлцэл.
  • "Ам.долларын своп" - Монголбанк өнөөдрийн ханшаар ам.доллар худалдан авч, төгрөг худалдаж, хугацааны эцэст Монголбанк тохиролцсон ханшаар төгрөг худалдан авч, ам.доллар худалдах хэлцэл.
  • "Төгрөгийн форвард" - Тодорхой хугацааны дараа ирээдүйд тохиролцсон ханшаар Монголбанк төгрөг худалдан авч, ам.доллар худалдах хэлцэл.
  • "Ам.долларын форвард" - Тодорхой хугацааны дараа ирээдүйд тохиролцсон ханшаар Монголбанк ам.доллар худалдан авч, төгрөг худалдах хэлцэл.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Хэлцлийн тооцоолол

Үзүүлэлт Нөхцөл
Эхний гүйлгээ Своп хэлцэл: Тухайн өдөр мөрдөгдөж буй Монголбанкнаас зарласан албан ханшаар хөрвүүлж, эх үүсвэр солилцоно.
Форвард хэлцэл: Байхгүй
Форвард гүйлгээ Своп, Форвард хэлцэл: Эхний гүйлгээгээр солилцсон эх үүсвэрийг форвард ханшаар төгрөгт хөрвүүлж, буцаан солилцоно.

Форвард ханшийг доорх томьёогоор тооцно.

$F_{bid}=S_{rate}*\frac{1+I_{mnt\_bid}*t/365}{1+I_{usd\_ask}*t/360}$

$F_{ask}=S_{rate}*\frac{1+I_{mnt\_ask}*t/365}{1+I_{usd\_bid}*t/360}$

Үзүүлэлт Тайлбар
$I_x$ Эх үүсвэрт харгалзах хүү (100-д хувааснаар)
$I_{mnt\_bid}$ Монголбанкны своп хэлцлийн эхний гүйлгээгээр төгрөгийн эх үүсвэр худалдан авах, форвард хэлцлээр төгрөг худалдах хүү Төв банкны овернаит хадгаламжийн хүү
$I_{mnt\_ask}$ Монголбанкны своп хэлцлийн эхний гүйлгээгээр төгрөгийн эх үүсвэр худалдах, форвард хэлцлээр төгрөг худалдан авах хүү Төв банкны овернаит репо санхүүжилтийн хүү
$I_{usd\_bid}$ Монголбанкны своп хэлцлийн эхний гүйлгээгээр ам.долларын эх үүсвэр худалдан авах, форвард хэлцлээр ам.доллар худалдах хүү Харгалзах хугацааны SOFR хүү
$I_{usd\_ask}$ Монголбанкны своп хэлцлийн эхний гүйлгээгээр ам.долларын эх үүсвэр худалдах, форвард хэлцлээр ам.доллар худалдан авах хүү Харгалзах хугацааны SOFR хүү + Z спрэд
$t$ Хэлцлийн хугацаа өдрөөр
$F_{bid}$ Монголбанкны форвард гүйлгээгээр валют худалдаж авах форвард ханш (төгрөгийн своп, ам.долларын форвард)
$F_{ask}$ Монголбанкны форвард гүйлгээгээр валют худалдах форвард ханш (ам.долларын своп, төгрөгийн форвард)
$S_{rate}$ Тухайн өдөр мөрдөгдөж буй Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш