Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2007 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хамтарсан тушаалаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ) анх байгуулагдсан.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 272 зүйлд зааснаар СТБЗ-ийн үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэж, гишүүдийн үйл ажиллагааг уялдуулах явдал юм.
СТБЗ-ийн бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал багтдаг. СТБЗ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь түүний ээлжит болон ээлжит бус хуралдаан бөгөөд ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байна.
СТБЗ-ийн шийдвэрээр олон нийтэд хүргэж буй мэдээллийн чанарыг сайжруулах, санхүүгийн талаарх иргэдийн суурь мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан"-г 2012 оноос эхлэн нэгтгэн боловсруулж, олон нийтийн хүртээл болгож байна.
Монголбанкин дахь СТБЗ-ийн Ажлын алба нь санхүүгийн системийн эрсдэлийн үнэлгээ хийх, СТБЗ-ийн гишүүн байгууллагуудаас хэрэгжүүлж буй макро эдийн засгийн болон санхүүгийн бодлогуудын харилцан уялдааг сайжруулах, системийн эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж СТБЗ-д танилцуулж шийдвэрлүүлэх, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайланг хагас жил тутам нэгтгэн боловсруулж олон нийтэд хүргэх үндсэн чиг үүрэг бүхий байнгын үйл ажиллагаатай нэгж юм.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27-2 дугаар зүйл. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл
- "1. Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэж, гишүүдийн үйл ажиллагааг уялдуулах чиг үүрэг бүхий Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ажиллана.
- 2. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал орно.
- 3. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна.
- 4. Зөвлөлийн дүрмийг зөвлөлийн гишүүд хамтран батална.
- 5. Зөвлөл нь дараахь асуудлыг хэлэлцэнэ:
- 1/хууль тогтоомжийн хүрээнд харилцан солилцох мэдээ, мэдээлэл;
- 2/санхүүгийн тогтолцооны тогтвортой, тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд хамтарсан дүн, шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох;
- 3/хямралаас сэргийлэх, хямралыг даван туулах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт, зохион байгуулалт;
- 4/банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудал, түүний нөхцөл;
- 5/хуульд заасан бусад.
- 6. Зөвлөлийн ажлын албаны үүргийг Монголбанк хэрэгжүүлнэ.
/ Төв банкны тухай хуулийн 27-2 зүйл /