Данзангийн доллар
1921 онд Богд хааны зарлигаар зөвшөөрөгдсөн “Бага болзоот” нэртэй улсын зээллэгээг 6 сарын хугацаатай гаргасан нь мөнгөн тэмдэгтийн үүргийг 1923 он хүртэл гүйцэтгэсэн байдаг. Мөн 1921 онд Ардын засгийн газраас ЗСБНХОУ-д захиалан хийлгэсэн монгол долларын дэвсгэрт нь Монгол улсын Сангийн яамны сайд Солийн Данзангийн гарын үсэгтэй байсан учир “Данзангийн доллар” гэх болжээ. Данзангийн доллар 1921, 1922 онд хэвлэгдсэн боловч тухайн үед шинэ хэтийн төлөв бий болж, санхүүгийн төлөвлөгөө өөрчлөгдсөнтэй холбоотой хэрэглэхгүй хойшилсоор 1924 онд хэрэглэх гэсэн боловч С.Данзан хэлмэгдэн эсэргүү хэмээгдэх болсноор уул мөнгөн тэмдэгт гүйлгээнд гараагүй юм.
1925 оны мөнгөн тэмдэгт
Ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай дараах тогтоолыг гаргажээ. Үүнд:
“1. Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банканд олгох.
2.Банкны тэмдэгт цаасыг мөнгөний нэгж болох төгрөгөөр 1, 2, 5, 10, 25, 50, 100 дэвсгэртээр гаргах.
3.Мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байвал зохино. 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар, 75 хувь нь түргэн борлогдох бараа материалаар батлагдана.” гэж заасан байна.
1925 оны цаасан дэвсгэртүүд дээрх бүх бичиг, тоог монгол үсгээр бичиж, 1, 2, 5, 10 төгрөгийн дэвсгэртүүд дээр дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, нярав Большаков нар, 25, 50, 100 төгрөгийн дэвсгэртүүд дээр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ны дарга Микилман, гишүүн Амар, Шигунов, Бат-Очир, Дугар, нярав Большаков нар гарын үсгээ зурсан байдаг. 1925 оны цаасан мөнгөн дэвсгэртүүд нь өлзий хээ, үелсэн хээтэй ба 1966 онд гүйлгээнээс бараг бүрэн татагдсан байна.
1927 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол улсын албан яам, аливаа худалдааны газрууд бүх гүйлгээг монгол төгрөгөөр гүйцэтгэх болж, Засгийн газрын шийдвэрээр 1928 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хятад мөнгөн янчааныг нэг төгрөгөөр сольж, үүнээс хойш үнэ хорогдуулан солих болсны зэрэгцээ, аливаа албан татвар, банкны гүйлгээ зэрэгт хэрэглэхгүй болгожээ. Монголд төлбөр тооцоонд хэрэглэгдэж байсан гадаадын олон төрлийн мөнгөн зоос 1925 оноос байр сууриа алхам алхмаар алдсаар, 1929 он гэхэд нөлөөгөө бүрмөсөн алдсан байна.
1925 оны мөнгөн тэмдэгтээс хойш Монгол улс 1939, 1941, 1955, 1966, 1981, 1993 онд мөнгөн тэмдэгтээ шинэчлэн хэвлүүлж, төлбөр тооцоонд хэрэглэж ирсэн түүхтэй.
1939 оны мөнгөн тэмдэгт
1939 онд Mонголын худалдаа ба аж үйлдвэрийн банкнаас 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд гаргасан ба нүүрэн талд Соёмбо болон Д.Сүхбаатарын хөргийг адил хэмжээтэйгээр байрлуулж, ар талыг үндэсний хээ угалзаар чимэглэж, бүх үгийг уйгаржин монгол бичгээр бичин, Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэжээ. Энэ мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хассан боловч 1955 онд гүйлгээнээс татагдаж дуусжээ. 1939 оны мөнгөн дэвсгэртүүд нь 1925 оны төгрөгийн дэвсгэртүүдийн хэмжээг өөрчлөхгүйгээр, 2-тын дэвсгэртийг 3-тын дэвсгэртээр сольж гаргасан онцлогтой.
1941 оны мөнгөн тэмдэгт
1940 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулиар төрийн сүлд, далбааг шинэчилж, анх удаа төрийн сүлдэн дээр “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж улсынхаа нэрийг бичсэн бөгөөд албан ёсны хэрэгт кирилл үсгийг хэрэглэх болсон зэрэг өөрчлөлтийн улмаас мөнгөн тэмдэгтийг дахин шинэчлэх асуудал зүй ёсоор тавигдсан байна. Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкнаас 1941 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт гаргахдаа 1939 оны мөнгөн тэмдэгтийн хэмжээ, өнгө, хээг өөрчлөхгүйгээр, Д.Сүхбаатарын хөргийг хэвээр байрлуулж, Соёмбын оронд 1940 онд батлагдсан үндсэн хуулиар шинэчлэгдсэн таван хошуу мал бүхий сүлдийг байрлуулан, үг, тоог уйгаржин монгол бичиг, кирилл бичгээр хослуулан бичиж, ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хасжээ.
1955 оны мөнгөн тэмдэгт
Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк 1954 он хүртэл Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн банк байв. Монгол Улсын санхүү зээлийн систем бэхэжсэнийг харгалзан, түүний улс ардын аж ахуйн цаашдын хөгжилд түлхэц өгөх үүднээс ЗХУ-ын Засгийн газар 1954 онд Монголбанкин дахь өмчийн өөрийн хувь хэсгийг буцалтгүйгээр БНМАУ-д шилжүүлсэн байна. Үүнтэй холбогдон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1954 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкийг БНМАУ-ын Улсын банк болгон өөрчлөн зохион байгуулсан.
Улсын банкны дүрэмд гүйлгээнд байх цаасан төгрөг, бутархай зоосон мөнгөний шинж тэмдгүүд болон түүний төлбөрийн хүчин төгөлдөр байдлыг Улсын банкны ерөнхий хорооноос тогтоож байхаар заасны дагуу тус үүргийг хэрэгжүүлж иржээ. Улсын банк нь энэ чухал үүргийг хэрэгжүүлэхдээ гүйлгээнд бэлэн мөнгө гаргах, гүйлгээнээс татах, бэлэн мөнгөний нөөцтэй байх шаардлагын дагуу Улсын банкны ерөнхий хороо болон орон нутаг дахь банкны хэлтсүүдийн агуулахад цаасан мөнгөн тэмдэгт, зоосон мөнгөний бэлэн нөөцийг бүрдүүлсээр ирсэн.
Улсын банк 1955 онд Монгол Улсын шинэчилсэн цаасан мөнгөн тэмдэгтүүдийг БНМАУ-ын их хурлын 1949 оны тогтоолоор 1940 онд батлагдсан сүлд дээрх улсын нэрийн бичээсийг кирилл үсгээр сольсон сүлд болон Д.Сүхбаатарын хөрөг бүхий зураач Шибу, Төрийн шагналт, ардын зураач Д.Амгалан нарын зохиосон загвараар 1, 3, 5 10, 25, 50 100 төгрөгийн дэвсгэрттэйгээр Зөвлөлт Холбоот Улсын Москва хот дахь Гознакийн хэвлэх үйлдвэрт хэвлүүлж байв. Улсын албан ёсны бичиг өөрчлөгдсөнтэй холбогдуулан 1955 оны мөнгөн тэмдэгт дээрх бүх тоо, үгийг кирилл үсгээр бичиж, дэвсгэртүүдийн хэмжээг 1941 оны загвараас бага зэрэг томруулан, өлзий хээ, үелсэн хээтэй, өөр хамгаалалтын үзүүлэлтгүй цаасан дээр хэвлэсэн. 1955 оны мөнгөн тэмдэгтүүд 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хасагдсан.
1966, 1981, 1983 оны мөнгөн тэмдэгт
Сайд нарын зөвлөлийн 1965 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 98 дугаар тогтоолоор БНМАУ-ын шинэ мөнгөн тэмдэгтийг 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн дэвсгэрттэйгээр гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд 1965 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 463 дугаар тогтоолоор 1966 оны шинэ мөнгөн тэмдэгтийг 1966 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйлгээнд гаргаж, 1925, 1941, 1955 оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд багтаан сольж авахыг Улсын Банкинд даалгасан.
1966 онд хэвлүүлсэн 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн нөөцийг дахин бүрдүүлэхээр 1981 онд 5, 10, 20, 50, 100 төгрөг, 1983 онд 1, 3 төгрөгийн дэвсгэртүүдийг тус тус ЗХУ-д үйлдвэрлэн гүйлгээнд гаргасан бөгөөд 1966 оны шинэ тэмдэгтийг гүйлгээнд оруулахдаа урьд нь гүйлгээнд хэрэглэгдэж байсан бүх цаасан мөнгөн тэмдэгтүүдийг богино хугацаанд солих байдлаар гүйлгээнээс татсан байна.
1966 оны мөнгөн тэмдэгтүүдийн загварыг 1960 онд батлагдсан үндсэн хуулиар шинэчлэгдсэн БНМАУ-ын сүлд болон Д.Сүхбаатарын хөрөгтэйгөөр зураач Ц.Минжүүр, Д.Цэрэнпил нар зурсан бөгөөд дэвсгэртүүдийн хэмжээг гүйлгээнд хэрэглэхэд тохиромжтой болгон 1955 оны загвараас жижгэрүүлэн, серийн дугаарыг нүүрэн талаас ар талд шилжүүлэн байрлуулж, өнгө, зураг, загварыг шинээр өөрчлөн бүтээсэн байдаг. Эдгээр мөнгөн дэвсгэртүүд нь нүүрэн талын суурь нь үелсэн зураасан хээтэй, ар талын суурь нь сүлжилдсэн зураасан хээтэй, нүүрэн талын зүүн болон ар талын баруун хэсэгт 20 мм өргөн цулгүй цагаан зайтай, нүүрэн талын тус зайн дээрх зураасан цэцгэн хээний голд уйгаржин тоогоор тухайн дэвсгэртийн нэрлэсэн үнийг дүрслэн, өлзий хээ болон бусад үелсэн хээтэй, өөр хамгаалалтын үзүүлэлтгүй цаасан дээр хэвлэсэн.
1966, 1981 онд гүйлгээнд гарсан 50 болон 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй мөнгөн тэмдэгтүүдийн ар талд Засгийн газрын ордны зургийг анх удаа оруулсан байдаг.
1966 онд хэвлэгдсэн 25 төгрөгийн дэвсгэртийн дүнг тоолох, шалгахтай холбоотой ажиллагаа нь бусад тэмдэгтүүдтэй харьцуулахад хүндрэлтэй байгааг харгалзан дахин хэвлүүлээгүй. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 167 дугаар тогтоолын дагуу БНМАУ-ын Улсын банкны ерөнхий хороо нь Монгол Ардын Хувьсгалын 60 жилийн ойд зориулан 20 төгрөгийн дэвсгэртийг 1981 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс гүйлгээнд гаргаж байв. 20 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд гаргасантай холбогдуулан 1966 онд үйлдвэрлэсэн 25 төгрөг нь албан ёсоор гүйлгээнээс хасагдаагүй ч 1981 оноос гүйлгээнээс татагдаж эхэлсэн. 1966, 1981, 1983 оны мөнгөн тэмдэгтүүдийг 1993 онд гүйлгээнээс татсан.
1993 оноос хойших мөнгөн тэмдэгт
1992 оны 1-р сарын 13-ны өдөр баталсан шинэ Үндсэн хуулиар улсын нэр, төрийн сүлд, далбааг өөрчилсөн учраас мөнгөн тэмдэгтийг шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарч, 1993 онд 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000 төгрөг, 1994 онд 5000 төгрөг, 1995 онд 10000 төгрөг, 2006 онд 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хэвлэн, гүйлгээнд гаргасан.
Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт бүр нь ар, өвөр талдаа Монгол Улсын хөгжлийн түүх, үндэсний бахархал, билэгдлийг харуулсан зураг, хөргийг байрлуулсан өвөрмөц бүрдүүлбэртэй, өөр өөр өнгө хэмжээтэй юм. 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэртийн нүүрэн талд Чингис хааны хөргийг байрлуулж, 500, 1000-тын дэвсгэртийн ар талд нь “Их нүүдэл” түүхэн зураг, 5000, 10000-тын дэвсгэртийн ар талд нь Монголын эртний нийслэл Хархорин хотын таван амтатны оргилуур түүхэн зургийг байрлуулж, 5, 10, 20, 50, 100-тын дэвсгэртүүдийн нүүрэн талд Ардын Хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын хөргийг, ар талд нь Отгон тэнгэр хайрхны зургийг тус тус байрлуулан, үндэсний хээ угалзаар чимэглэн хэвлэсэн.
Бүх дэвсгэртийн нүүрэн тал дахь хөргийн зүүн гар талд Монголын нэгдсэн тулгар төрийн цагаан тугийг байрлуулж, түүнтэй давхцуулан “Монгол улс” гэсэн үгийг эвхмэл үсгээр бичиж, баруун гар талд нь төрийн Соёмбыг байрлуулан, Чингис хааны зарлигийн пайзыг ар, өвөр талаасаа харагдахаар давхцуулан оруулж хийсэн байна. Нэг төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд арслангийн дүрс, ар талд нь төрийн Соёмбыг байрлуулсан өвөрмөц хийцтэй юм.