A-
A
A+

Нээлттэй захын үйл ажиллагаа

Нээлттэй захын үйл ажиллагаа буюу Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ны арилжаа нь Монголбанкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл юм.

Банк хоорондын зах (БХЗ)-ын богино хугацаат хүү болон нөөц (liquidity)-ийн хэлбэлзлийг удирдах зорилгоор хугацаа (maturity), хүү, арилжаалагдах хэлбэрээр ялгаатай дараах ТБҮЦ-ыг Монголбанк банкуудад арилжаалдаг. Үүнд:

  • БХЗ-аас нөөц татах хэрэгсэл: 1 хүртэл жилийн хугацаатай ТБҮЦ гаргах;
  • БХЗ-д нөөц нийлүүлэх хэрэгсэл: 7 хүртэл хоногийн хугацаатай репо арилжааг зарлах;

БХЗ-аас нөөц татах хэрэгсэл буюу ТБҮЦ

Монголбанк нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар олгогдсон эрх үүргийн дагуу ТБҮЦ-ыг тогтмол арилжаалдаг. ТБҮЦ-ны хүү нь мөнгөний бодлогын хүү болох бөгөөд БХЗ-ын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг байна. ТБҮЦ-ны арилжаа нь дараах 5 хэлбэрээр явагдах боломжтой.

  • Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлаагүй арилжаа;
  • Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарласан арилжаа;
  • Тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх арилжаа;
  • Хүүгийн дээд хязгаартай, хэмжээ зарлаагүй арилжаа;
  • Хүүгээр өрсөлдөх, хэмжээ хязгаарласан арилжаа.

ТБҮЦ-ны арилжааны журмын дагуу Монголбанк 1 хүртэл жилийн хугацаатай ТБҮЦ-ыг арилжаалах боломжтой. Ингэснээр Монголбанк нь богино хугацаат хүүд нөлөөлж, бодлогын хэрэгжилтийг хангаж ажилладаг. Монголбанк анх 1993 оноос ТБҮЦ-ыг арилжаалж эхэлсэн бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан, 1 долоо хоног, 4 долоо хоног, 12 долоо хоног, 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаасыг тус тус арилжаалж байв. ТБҮЦ-ны хугацаа, давтамж, арилжаалах хэлбэрийг сонгохдоо олон улсын туршлага, Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, банк хоорондын захын идэвхжил болон мөнгөний бодлогын бусад арга хэрэгсэлтэй уялдуулан сонгодог. Одоогийн байдлаар Монголбанкнаас 4 долоо хоног болон 28 долоо хоногтой ТБҮЦ-ыг тус тус арилжаалж байна (Хүснэгт 1).

Хүснэгт 1. ТБҮЦ-ны арилжаа, хугацааны төрлөөр

* ТБҮЦ-ны тухай журмаар Монголбанк 1 жил хүртэл хугацаатай ТБҮЦ-ыг арилжаалж олох бөгөөд энэхүү заалтын хүрээнд ямар ч төрлийн хугацаатай үнэт цаас арилжаалах боломжтой.

4 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

Банк хоорондын захын идэвхийг нэмэгдүүлж, мөнгөний захыг хөгжүүлэх, Төв банкны банк хоорондын захад оролцох оролцоог бууруулах зорилгоор Монголбанк 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 4 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг арилжаалж эхэлсэн. Тус үнэт цаас нь бодлогын хүүг тодорхойлох бөгөөд арилжааг тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлаагүй хэлбэрээр, Даваа гараг бүрд зохион байгуулдаг. Харьцангуй богино хугацаатай ТБҮЦ-ны хэмжээг хязгаарлалгүй арилжаалах нь банкууд өөрсдийн хүлээлтийн дагуу нөөцийн удирдлагаа хэрэгжүүлж, БХЗ-д нөөцийн хэт илүүдэл болон дутагдлаас үүдэх хүүгийн хэлбэлзлээс сэргийлдэг байна.

28 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

Монгол улсын хувьд эдийн засгийн онцлогоос хамаарч, БХЗ-ын нөөцийн илүүдэл нь байнгын буюу бүтцийн шинжтэй байдаг. Засгийн газрын үнэт цаасны анхдагч захын арилжаа 2017 оны 11 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдаагүй тул Монголбанкнаас харгалзах журмын хүрээнд 28 долоо хоногтой буюу харьцангуй урт хугацаатай ТБҮЦ-ыг 2018 оны 11 дүгээр сараас эхлэн арилжаалж эхэлсэн. Энэхүү үнэт цаасыг арилжаалах нь:

  • БХЗ-ын байнгын буюу бүтцийн шинжтэй илүүдэл нөөцийг татах харьцангуй урт хугацаат үнэт цаасыг зах зээлд үүсгэсэн,
  • Засгийн газрын үнэт цаасны анхдагч захад гаргасан үнэт цаасны (2017 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар) 71.6%-ийг 6 сараас дээш хугацаатай үнэт цаас эзэлж байгаа учир шинээр гаргах ТБҮЦ нь Засгийн газрын үнэт цаасны зах зээлтэй давхцаж, санхүүгийн зах зээлийн хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлгүй,
  • Монголбанкны мөнгөний бодлогын бусад арга хэрэгсэлтэй харилцан уялдаатай,
  • Урт хугацаат ТБҮЦ-ны арилжаалах давтамж нь заавал байлгах нөөц хангалтын хугацаатай уялдаж байгаа учраас банкуудын нөөцийн удирдлагад харьцангуй хялбар,
  • Арилжааны хэлбэр нь хүүг зах зээлийн зарчмаар тогтох, хүүний хүлээлтэд Төв банкны зүгээс нөлөөлөхгүй,
  • Төгрөгийн өгөөжийн муруйн эхлэл болох зэрэг ач холбогдолтой байв.

28 хоногтой ТБҮЦ-ыг Монголбанкны нөөцийн таамаглалд үндэслэн, хэмжээг хязгаарлаж, хүүгийн дээд хязгаар дээр (бодлогын хүү+0.5 нэгж хувь) хүүгээр өрсөлдүүлэх хэлбэрээр зохион байгуулж байна.

ТБҮЦ-ны хэмжээг эндээс харах боломжтой.

БХЗ-д нөөц нийлүүлэх хэрэгсэл буюу репо арилжаа

/Одоогоор долоо хоног хүртэлх хугацаатай репо арилжаа зохион байгуулагдахгүй байна/

БХЗ дээрх богино хугацааны нөөцийн хэлбэлзлийг бууруулах, богино хугацаатай хүүг удирдах зорилгоор нөөц нийлүүлэх шаардлагатай үед Төв банк нөөцийн таамаглалд үндэслэн репо арилжаа зарладаг. Гэхдээ Монгол улсын БХЗ-ын бүтцийн илүүдэл нөөцийг харгалзан уг хэрэгслийг одоогоор ашиглах шаардлага үүсэхгүй байна. Журмын дагуу репо арилжааг 7 хүртэл хоногийн хугацаатай олгох боломжтой бөгөөд тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлаагүй эсвэл хүүгийн доод хязгаартай, хэмжээ хязгаарлаж, хүүгээр өрсөлдүүлэх хэлбэрээр зохион байгуулдаг.

Репо арилжааны тогтмол хүү эсвэл хүүгийн доод хязгаар нь дараах хэлбэртэй байна:

Репо арилжааны хүү = Бодлогын хүү + 0.5 нэгж хувь

Төв банкны репо арилжааг Монголбанкны Эрсдэлийн Удирдлагын Алба (ЭУА)-наас гаргасан барьцааны жагсаалтад тусгасан үнэт цаас (Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас)-аар олгох боломжтой байдаг