A-
A
A+

Мөнгөний бодлогын шилжих механизм

Мөнгөний бодлогын үйл ажиллагаа нь мөнгөний бодлогын шилжих механизмаар дамжин эцсийн зорилгодоо хүрч хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогын хэрэгсэлд гарсан өөрчлөлт нь ямар сувгуудаар дамжин бодлогын эцсийн зорилгодоо нөлөөлж байгааг мөнгөний бодлогын шилжих механизм илэрхийлнэ. Энэхүү шилжих механизм нь инфляцг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд илүүтэй ашиглагддаг бөгөөд Зураг 2-т мөнгөний бодлогын шилжих механизмын хүүний, хөрөнгийн үнийн, хүлээлтийн болон валютын ханшны үндсэн сувгуудыг харуулав.

Бодлогын хэрэгсэлд гарсан өөрчлөлт нь үйл ажиллагааны зорилтоор дамжин банкны болон санхүүгийн зах зээлийн хүүний түвшин, (ипотекийн болон хадгаламжийн), олон нийтийн эдийн засгийн хэтийн төлөвийн талаархи хүлээлт, хөрөнгийн үнэ, валютын ханш; улмаар хувь хүн болон пүүсийн зардал, хадгаламж болон хөрөнгө оруулалтын үйл хөдлөлд нөлөөлдөг. Жишээ нь бусад хүчин зүйлс тогтмол үед хүүний өсөлт нь хадгаламжийг зардлаас илүүд үзэхэд хүргэнэ, мөн валютын зах дээрх үндэсний валютын ханш чангарснаар гадаадад үйлдвэрлэгдсэн бараа харьцангуй хямдарч дотоодын бараа, үйлчилгээний эрэлтэд нөлөөлнө. Эрэлт нийлүүлэлтийн харьцаа (хөдөлмөрийн зах зээл болон бусад зах зээлийн хувьд) нь дотоод инфляцын дарамтад нөлөөлөх бөгөөд тухайлбал, хөдөлмөрийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан тохиолдолд пүүс цалингийн өсөлттэй холбоотой нэмэгдэл зардлыг барааны үнэд шингээснээр инфляц өсөх боломжтой. Ханшинд гарах өөрчлөлт нь шууд болон шууд бус замаар инфляцд тусгалаа олох бөгөөд импортын бараа, үйлчилгээний үнэд нөлөөлснөөр инфляцд шууд нөлөөлдөг бол дотоодын экспорт, импортын хэмжээ буюу цэвэр гадаад эрэлтэд нөлөөлснөөр инфляцд шууд бус замаар нөлөөлнө.