Монголбанк банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор эцсийн зээлдүүлэгчийн үүргийн хүрээнд банканд барьцаат зээл олгох боломжтой. Шинэчлэн найруулсан Төв банк /Монголбанк/-ны тухай хууль болон олон улсын жишигт нийцүүлэн "Монголбанкнаас банканд олгох барьцаат зээлийн журам"-ыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А-174 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Холбогдох журмын дагуу банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварт хүндрэл учирсан тохиолдолд Монголбанкнаас банканд 90 хүртэлх хоног (нэг удаа сунгах боломжтой)-ийн хугацаатай санхүүжилт олгож болно. Мөн барьцаат зээлийн хүү нь Монголбанкнаас банканд олгох хамгийн өндөр хүүтэй зээлийн хүү дээр таван нэгж хувийг нэмсэнтэй тэнцүү байдаг.
Барьцаат зээл нь барьцааны активаар бүрэн баталгаажсан байх бөгөөд барьцааны активт Монголбанкны ЭУА-наас гаргасан барьцааны жагсаалтад орсон үнэт цаас хамаарна.