A-
A
A+

Засгийн газрын үнэт цаасны төгрөгийн өгөөжийн муруй

Монголбанк Сангийн яамтай хамтран Засгийн газрын үнэт цаасны (ЗГҮЦ) төгрөгийн өгөөжийн муруйг (BI1204) 2015 оны 9 дүгээр сард Блүмберг терминалд албан ёсоор байршуулсан билээ. Ингэснээр дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны хугацаа бүрээр өгөөжийн мэдээллийг авах, судалгаа хийх, тус мэдээлэлд үндэслэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад дөхөм болж байгаа юм.

  • Блүмберг терминал дээр CRVF функцээр Монгол Улсыг сонгоод MNT Mongolian Govt Bond BVAL Yield Curve-ийг сонгох, эсвэл GC BI1204 гэсэн код бичээд ЗГҮЦ-ны төгрөгийн өгөөжийн муруйн мэдээллийг авах боломжтой.

Өгөөжийн муруй (yield curve) нь тухайн зах зээлд арилжаалагдаж байгаа, хугацаагаараа ялгаатай тогтмол орлоготой үнэт цаасны (fixed income securities) өгөөжүүдийг нэгтгэн харуулсан график дүрслэл юм. Өөрөөр хэлбэл өгөөж-хугацааны хамаарал буюу ижил төрлийн үнэт цаасны өгөөжийн хүү үнэт цаасны хугацаанаас хамааран хэрхэн ялгаатай тогтож байгааг мэдэх боломжтой юм.

Үнэт цаасны нэг төрөл болох ЗГҮЦ нь эрсдэлгүй (risk free) үнэт цаасанд тооцогддог тул зах зээлийн жишиг хүү болдог бөгөөд ЗГҮЦ-ны өгөөжийн муруй нь дараах зорилгоор ашиглагддаг байна. Үүнд:

  • хөрөнгө оруулагчдад тухайн зах зээлийн эрсдэлийг ойлгоход туслах,
  • зах зээлийн ирээдүйн нөхцөл байдлын хүлээлтийг харуулах,
  • шинээр гаргах үнэт цаасны үнэ ханш, өгөөжийг тогтооход жишиг хүү болох,
  • бусад орны өгөөжийн хүүтэй харьцуулах.

Өөрөөр хэлбэл компаниудад санхүүгийн зах зээлд өрийн хэрэгсэл гаргахад зах зээлийн жишиг хүү болох, шаардлагатай байгаа санхүүгийн эх үүсвэр, хөрөнгийг босгоход нь эерэгээр нөлөөлөх зэрэг давуу талуудтай юм.

  • Блүмберг терминал дээр ЗГҮЦ-ны өгөөжийг 3, 6 сар болон 1, 2, 3, 5, 10 жилийн хугацааны ангилалаар харах,
  • Ad Curve цэсэнд харьцуулах бусад үнэт цаасны кодыг оруулж, Монгол Улсын ЗГҮЦ-ны өгөөжийг бусад орны үнэт цаасны өгөөжтэй харьцуулах боломжтой.

Түүнчлэн өгөөжийн муруйн хэлбэр нь хөрөнгө оруулагчдын зах зээлийн ирээдүйн төлөв байдлын хүлээлтийн талаарх чухал мэдээллийг өгч байдаг байна. Жишээ нь:


Хэвийн өгөөжийн муруй (богино хугацаат үнэт цаасны өгөөж бага, урт хугацаат үнэт цаасны өгөөж өндөр) нь эдийн засаг ирээдүйд өсөн тэлж, энэхүү өсөлт нь өндөр инфляцыг авчрах тул хүү өсөх хүлээлт хөрөнгө оруулагчдад байгааг харуулдаг.


Урвуу (inverted) өгөөжийн муруй нь урт хугацаат үнэт цаасны өгөөж богино хугацаат үнэт цаасныхаас бага үед үүсэх бөгөөд эдийн засаг ирээдүйд удааширч хямрал руу шилжих, зээл, мөнгөний нийлүүлэлт буурах хүлээлтийг илтгэдэг. Энэ нь хөрөнгө оруулагчид эдийн засаг сайжрах хүртэл бага өгөөжөөр урт хугацаанд хөрөнгөө байршуулах үйл хөдлөлийг харуулдаг байна.


Бөгтөр (humped) өгөөжийн муруй нь богино болон урт хугацаат үнэт цаасны өгөөж бага, харин дунд хугацааны өгөөж өндөр байх үед үүсэх бөгөөд дээрх 2 төлвийн шилжилтийн үе эсвэл хөрөнгө оруулагчид эдийн засгийн бодлого, төлөв байдлын талаар эргэлзээтэй байгааг илтгэдэг байна.

Өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Хаан банк, Капитал банк, Хас банк, Голомт банкууд тус тус ЗГҮЦ-ны худалдах, худалдан авах үнэ болон өгөөжийг гурван хугацааны төрлөөр зах зээлд санал болгож, ЗГҮЦ-ны хоёрдогч захын арилжаанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.