A-
A
A+

Банк, санхүүгийн байгууллага

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн компани /лизинг/, төрийн байгууллага нь иргэн, аж ахуй нэгжээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө.

Мэдээ, мэдээлэл:

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс Нийгмийн даатгалын ерөнхий газарт өр, төлбөртэй аж ахуй нэгжүүдийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд бүртгэж эхэллээ.

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхэд иргэн, аж ахуй нэгжийн “Овог, Нэр, Регистрийн дугаар”-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай тулгалт хийдэг боллоо.


Мэдээлэл нийлүүлэх


Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нийлүүлэгчид тавигдах шаардлага:

1. Зээлийн мэдээлэл солилцоход шаардлагатай хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, програм хангамжаар хангагдсан байх;

2. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;

3. Байгууллагын “Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, ашиглах журам”-ыг холбогдох хууль, журмын хүрээнд боловсруулж, Монголбанкинд ирүүлсэн байх;

4. Гүйцэтгэх удирдлага болон Зээлийн мэдээллийн сан хариуцсан ажилтны “Нууцын баталгаа”-г Монголбанкинд ирүүлсэн байх;

5. Монголбанктай “Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэх болон ашиглах гэрээ” байгуулж, зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, лавлагаа авах эрх авсан байх;

Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхэд тавигдах шаардлага:

1. “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуй нэгжийн үнэн зөв, бодитой, тодорхой, бүрэн гүйцэт, ойлгомжтой зээл, төлбөрийн мэдээллийг “Зээлийн мэдээллийн санд өгөгдөл нийлүүлэх протоколь”-ийн дагуу нийлүүлнэ.

2. “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн мэдээлэл, нэмэлт өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ.

3. “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн мэдээллийн санд худал, буруу, ташаа нэмэлт мэдээлэл оруулахгүй байх.


Мэдээлэл засах, устгах


Мэдээлэл засах:

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт заасны дагуу мэдээлэл нийлүүлэгч нь зээлийн мэдээллийн сан дахь дутуу, алдаатай нийлүүлсэн зээл, төлбөрийн мэдээллийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй.

Мэдээлэл устгах:

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мэдээллийн сан дахь иргэн, аж ахуй нэгжийн үнэн зөв зээл, төлбөрийн мэдээллийг 10 жилийн хугацаанд устгах боломжгүй.


Лавлагаа, мэдээлэл өгөх


Зээлийн лавлагаа өгөх:

- Монголбанк нь зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг зөвхөн “Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэх болон ашиглах гэрээ” байгуулсан мэдээлэл нийлүүлэгч, хэрэглэгчид өгнө.

- Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч банк, санхүүгийн байгууллага нь өөрийн харилцагч иргэн, аж ахуй нэгжийн бичиг баримтад үндэслэн зөвхөн тухайн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн лавлагааг өгч болно.


Холбоо барих


Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн компани /лизинг/, төрийн байгууллага нь Монголбанкны зээлийн мэдээллийн сантай хамтран ажиллах хүсэлтээ pcr@mongolbank.mn хаягаар ирүүлнэ.