Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн нь Монгол Улсын хөгжлийн эдийн засгийн болон санхүүгийн бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц суурь судалгааны ажлуудыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэх, төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан дунд болон ахисан түвшний сургалт явуулах үндсэн үүрэгтэй дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
- Төрийн бодлого боловсруулах, бодлогын оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор бодлогын суурь судалгаа болон эмпирик судалгааг хөгжүүлэх;
- Гадаад, дотоод эдийн засгийн орчин, эдийн засгийн өсөлт, төсвийн бодлого, санхүүгийн зах зээл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн зах зээл, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, байгалийн баялаг зэрэг олон чиглэлд судалгааны ажил гүйцэтгэх, судалгааны тоон мэдээллийг бүрдүүлэх, хадгалах, баяжуулах;
- Төрийн бусад байгууллага, яам, агентлагуудтай нягт хамтран ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэх улмаар Монгол Улсын хэмжээнд шаардлагатай эдийн засгийн бодлогын судалгаагаар бусад төрийн байгууллагуудыг ханган ажиллах;
- Судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн бодлогын зөвлөмжүүд боловсруулах, төрийн бодлогын хэрэгжилтийн үр нөлөөнд шинжилгээ, үнэлгээ хийхэд чиглэсэн судалгаа хийж, санал боловсруулах;
- Зөвшөөрөгдсөн судалгааны ажлуудыг хэвлэн нийтлүүлэх, илтгэл хэлбэрээр хурал, зөвлөгөөнд танилцуулах, зөвлөмж байдлаар холбогдох байгууллагуудад хүргүүлэх;
- Судалгаа, сургалтын чиглэлээр гадаад, дотоодын холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
- Төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулж судалгааны ажлыг танилцуулах, санхүү, эдийн засгийн чиглэлийн дунд болон ахисан түвшний сургалтын хөтөлбөр боловсруулан батлуулж, сургалтыг зохион байгуулах;
- Монголбанкны орон нутгийн хэлтэс, салбарын ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрийг холбогдох газруудтай хамтран боловсруулан батлуулж, системчилсэн сургалтыг зохион байгуулах;
- Бүх түвшний сургалтын арга хэмжээнд Монголбанкны болон төрийн бус байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулах.