Монголбанк

Буцах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Огноо: 2021/09/07

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр боллоо. Хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар удирдаж, зөвлөлийн гишүүн 16 байгууллагын 31 төлөөлөл оролцов. 

Тус хуралд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийн талаар, мөн Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар “Монгол Улсын 2020 оны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний явц, үр дүн”-гийн талаар танилцууллаа.

Мөн хурлаар виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх, ФАТФ-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт тайлагнах, Монгол Улсын 2021 оны явцын тайлан, цаашид шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэв. Энэ хүрээнд Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулах, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийн техник хэрэгжилтийн дутагдлыг сайжруулах ажлын төлөвлөгөөг батлахаар шийдвэрлэлээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр захирамжаар байгуулсан байдаг.  

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.