Монголбанк

Буцах

Банкны ажилтанд тавигдах суурь шаардлагын жишиг нэвтрүүллээ

Огноо: 2021/11/30

2020 оны 12 дугаар сард Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Монгол Улсын банкны салбарт ажиллах ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагыг бий болгож, арилжааны банкуудаар мөрдүүлэх зорилготой хөтөлбөрийг эхлүүлсэн.

Уг хөтөлбөрийг боловсруулахдаа манай улсын банкны салбарын онцлогт нийцүүлсэн бөгөөд банкны шинэ ажилтны суурь шаардлагыг хангуулах стандартыг бий болгосон юм.

Ийнхүү Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар уг стандарт хөтөлбөрийг “жишиг” стандар болгон баталж, цаашид нийт арилжааны банкууд сайн дурын үндсэн дээр өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод бодлого, үйл ажиллагаандаа нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм.

Монголбанкнаас уг жишгийг дараах 3 баримт бичгийн хүрээнд баталсан.

●       Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах банкны ажилтны суурь шаардлагын жишиг

●       Банкны ажилтны суурь шаардлагын жишгийг хангуулах шинэ банкирын сургалтын хөтөлбөр

●       Шинэ банкирын онол, практик хосолсон болон мэргэшсэн банкирын сургалтын жишиг журам

Төслийн эхний шатны хүрээнд боловсруулсан эдгээр баримт бичгийг арилжааны банкууд өөрсдийн үйл ажиллагаандаа мөрдөж, сайн дураар хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Банкны ажилтнаас өндөр хариуцлага, ёс зүй, эерэг хандлагатай байх шаардлага тавигддаг. Өнгөрсөн хугацаанд банкууд өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод сургалтын хүрээнд шинэ ажилтнуудаа сургаж бэлтгэсэн.  Харин уг төслийн хүрээнд банкны салбар нэгдсэн байдлаар ажилтнууддаа тавих суурь шаардлагын жишигтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банканд ажилд орж буй шинэ ажилтан нь боловсролын зэргээс үл хамааран, ажиллах хугацаандаа 9 сарын турш онол-практик хосолсон сургалтад хамрагдаж, батламж авдаг болно. Энэхүү батламж нь тухайн ажилтны хувьд ирээдүйд өөр банканд шилжин орсон ч хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн сертификат, баримт болох юм.

Шинэ банкирын жишиг суурь шаардлагыг хангуулах онол-практик хосолсон сургалтыг ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн ноу-хауд тулгуурлан, Банк санхүүгийн академиас шат дараатайгаар ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ.

Дээрх жишиг суурь шаардлага, үүнийг хангуулах жишиг журам нь одоогоор сайн дураар хэрэгжүүлэх хэлбэртэй байгаа ч ирэх жилүүдэд холбогдох хууль тогтоомж нь батлагдвал заавал мөрдөх шинжтэй зохицуулалтын журам болж шинэчлэгдэн батлагдах боломжтой юм.

Банкуудын хувьд энэ нь шинээр орж буй ажилтныхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөрөнгө оруулалт болж буйгаас гадна эцсийн дүнд харилцагч, иргэдийг санхүүгийн аливаа эрсдэлээс хамгаалах, санхүүгийн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн түвшинд хүргэж үйлчлэхэд томоохон түлхэц болно.

 

МОНГОЛБАНК, МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО, ХБНГУ-ЫН ШПАРКАССЭ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ САН, БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ

 

2021 оны арваннэгдүгээр сарын 30

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.