A-
A
A+

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

2025-04-09 12:39 | Мэдээ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 04-р сарын 7-ны өдөр боллоо. Тус  хурлын эхэнд Монголбанкны Тамгын газар болон Удирдлага төлөвлөлтийн газрын бүтэц, чиг үүрэг, зорилго, үйл ажиллагааны онцлог болон Монголбанкны 2024 оны төсөв, түүний гүйцэтгэлтэй танилцлаа. 

Дээрх газруудаас 
-    Монголбанкны нийт ажилтны мэргэшсэн байдал, 
-    Олон улсын Төв банкнуудын бүтэц, орон тоо, чиг үүргийг судалсан харьцуулсан динамик судалгаа,
-    Төв банкны мэдээллийн аюулгүй байдал, үйл ажиллагааны аюулгүй байдал, нэр хүндийн эрсдэлийг үнэлж байгаа эсэх, өнөөдрийн түвшинд ямар үнэлгээтэй байгаа 

зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар ойрын хугацаанд нэгтгэж ирүүлэхийг санал болголоо. Мөн Монголбанкны засаглал ямар түвшинд явж байгаа, бүтцийн хувьд зөв эсэхэд анхаарах, цаашид хууль эрх зүйн хувьд болон олон улсын стандартыг судлах нь зүйтэй гэдэгтэй гишүүд санал нэг байлаа.

Мөн ээлжит хурлын үеэр Монголбанкны 2024 оны захиргааны зардал, хөрөнгө оруулалтын батлагдсан төсөв, гүйцэтгэлийн мэдээллийг сонслоо. Төв банк (Монголбанк) нь “Төрийн хэмнэлтийн тухай хууль”, “Шилэн дансны тухай хууль” болон холбогдох бусад хууль, тогтоомжийг баримтлан “Монголбанкны төсөв, зохиох, хянах, батлах журам”-ын дагуу төсвийг боловсруулан, хяналт тавьж, тайлагнан ажиллаж иржээ. Монголбанкны системийн хэмжээнд 2024 онд төлөвлөснөөс захиргааны зардлыг 9 хувь, хөрөнгө оруулалтын зардлыг 38 хувиар хэмнэж ажилласан дүнг танилцууллаа. Монголбанкны 2024 оны төсвийн зарцуулалтын гүйцэтгэлтэй танилцаад Хяналтын зөвлөлийн гишүүд тодруулга авч, зарим төсвийн задаргаатай танилцах шаардлага байгааг илэрхийлж, ойрын хугацаанд Хяналтын зөвлөлд ирүүлэх хүсэлтийг тавилаа.

Хурлын төгсгөлд Хяналтын зөвлөлөөс Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 271..1,  Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журмын 4.7-д заасны дагуу Монголбанкны удирдлагад зөвлөсөн шийдвэр гаргах асуудлаар ярилцлаа. Мөн ажиллах журмын 2.1.4-ийн хүрээнд Монголбанкны Захирлуудын зөвлөлийн гишүүдтэй улирал бүр уулзаж санал бодлоо солилцож, хамтран ажиллаж байхаар Монголбанкны удирдлагатай тохиролцсон асуудлыг улирал бүрийн эхний 7 хоногт байx нь зүйтэй гэж Хяналтын зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.


МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ