Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хуралдаан 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцлоо.
Уг хуралдаанаар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэв. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Алт-3 аян”-ы хүрээнд олон улсын зах зээлээс урьдчилгаа санхүүжилт татах талаар хэлэлцлээ.
Монгол улсын банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг дотоод эдийн засагт татаж байршуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнтэй уялдуулан Төсвийн тухай хуулийн хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах талаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад бондыг үнийн хэлбэлзэл үүсгэхгүйгээр арилжаалж, чөлөөлөгдөх гадаад валютын нөөцийг Монгол улсын дотоод зах зээлд оруулж ирэх зөвлөмжийг СТБЗ-өөс Хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.