Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 03-р сарын 24-ний өдөр боллоо. Тус Хяналтын зөвлөл шинээр томилогдож ирснээсээ хойш ээлжит хурлыг 5 удаа, ээлжит бус хурлыг 2 удаа зохион байгуулав. Ингэхдээ хурал бүрийн эхэнд Монголбанкны Дотоод аудитын газар, Санхүү бүртгэлийн газар, Хууль, эрх зүйн газар, Эрсдэлийн удирдлагын алба, Санхүүгийн зах зээлийн газар зэрэг газар, нэгжүүдтэй танилцан чиг үүрэг, үйл ажиллагааных нь онцлог, цаашдын зорилт зэргийн талаар харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллаж ирлээ.
Энэ удаагийн хурлын эхэнд Монголбанкны Хяналт шалгалтын газар болон Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогтой танилцлаа. Энэ үеэр банкны салбарт хууль эрх зүйн зарим өөрчлөлт хийх шаардлага үүсэж байгаа талаар, олон улсын сайн туршлага нэвтрүүлж байгаа ч тэдгээр нь манай бодит нөхцөл байдалд нийцэж байгаа эсэх талаар харилцан санал солилцсоны эцэст Хяналтын зөвлөлийн зүгээс судлах шаардлагатай зарим мэдээллийг нэгтгэж гаргаж өгөхийг хүсэв. УИХ-аас баталсан “Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1.4-ийн хүрээнд Монголбанкны Захирлуудын зөвлөлийн үйл ажиллагааны журам, 2024 оны тайлан зэрэгтэй мөн танилцлаа. Хяналтын зөвлөлөөс Монголбанкны удирдлагад танилцуулсны дагуу цаашид улирал бүрийн эхэнд тус 2 зөвлөлийн хамтарсан уулзалтыг зохион байгуулах, харилцан санал солилцох боломжийг бүрдүүлэхийг Монголбанкны Захирлуудын зөвлөлийн нарийн бичигт үүрэг болгов.
Ээлжит хурлын төгсгөлд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 271, Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, үндэслэлийн талаар Монголбанкны Хууль, эрх зүйн газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Энэ хүрээнд ойрын хугацаанд Хяналтын зөвлөлийн гишүүд өөрсдийн боловсруулсан төслийг нягтлан үзээд УИХ-ын Байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэж тохирлоо.