A-
A
A+

Монголбанкны ажилтнууд цусаа хандивлалаа

2025-03-24 06:19 | Мэдээ

Монголбанкны хамт олон Цус сэлбэлт судлалын Үндэсний төвтэй хамтран 5 дахь жилдээ “Цус бэлэглэх өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа.

 

Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага жил бүр өсөн нэмэгдэж байгаа ч цусаа хандивлах донорын тоо тэр хэмжээнд тогтвортой өсөн нэмэгдэхгүй байгаа. Мөн өдөрт 100-аас илүү донор цусаа хандивласнаар тухайн өдрийн хэрэгцээг хангана гэж үздэг ч ийм хэмжээний идэвх оролцоо өнөөдрийг хүртэл хараахан  бүрдээгүй байна. Тиймээс Монголбанкны хамт олон 2020 оноос хойш энэхүү арга хэмжээнд нэгдээд байгаа юм. Энэ жилийн тухайд 70 гаруй ажилтан цусаа бэлэглэж, 210 хүний амь насыг аварч, хүн ардын амьдралын чанарыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

 

Дашрамд сонирхуулахад насанд хүрсэн хүн дунджаар 5-7 л цустай байдаг ба эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус өгч болдог. Хvний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзлэхүүнийхээ хувьд аль хэдийнээ нөхөгдсөн байдгийн дээр жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй байдаг. Түүнчлэн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний амь насыг авардаг гэж үздэг ба таны нэг удаа өгсөн цуснаас ялтаст эх, сийвэн, улаан эс зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүнийг гарган авдаг байна.