A-
A
A+

Монгол Улс “Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны нээлтийг Хөвсгөл аймагт зохион байгууллаа

2025-03-24 11:46 | Мэдээ

Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны байгууллага (OECD)-аас 2012 оноос эхлэн дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй “Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны нээлтийг Монгол Улс 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд 300 орчим хүүхэд, залуус оролцож, санхүүгийн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авсан бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар уг аяныг дэмжин оролцлоо. Нээлтийн үеэр аймгийн удирдлагууд хүн амын санхүүгийн боловсролыг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.


Монгол Улс "Дэлхийн мөнгөний долоо хоног" аяныг 13 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил "Санхүүгийн зөв шийдвэр – Маргаашийн амжилтын эхлэл" уриан дор дэлхийн 176 оронд өрнөж байна. Аяны хүрээнд сошиал орчин дахь санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх, мөн санхүүгийн эрсдэлтэй нөхцөлд сэтгэл хөдлөлөө зөв удирдах талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна.


Энэхүү аяныг Монголбанкнаас жил бүр манлайлан Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллага мөн Боловсролын Ерөнхий газар Level-Up хөтөлбөрийн хүрээнд нэгдэн оролцож байна. Аяны хүрээнд оролцогч байгууллагууд хүүхэд, залуус болон тэдний гэр бүлийнхэнд санхүүгийн боловсрол олгох сургалт, мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлэн ажиллах юм.