A-
A
A+

Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь шинэчлэгдэн хэвлэгдлээ

2025-03-21 10:02 | Мэдээ

Монголбанк, Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн зохицуулах хороо хамтран "Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй" сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 3-р сарын 19-ний өдөр Монголбанкны төв байранд боллоо.
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой,  Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 100 жилийн ой болон хуучнаар Үнэт цаасны хороо буюу одоогийн Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 30 жилийн ойг тус тус тохиолдуулан “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичиг”-ийг шинэчлэн боловсруулж, 2024 онд цахим хуудас (etoli.mn)-ны нээлтийг нь хийгээд байсан билээ. Тэгвэл энэ удаад шинэчилсэн тайлбар толь бичгийг хэвлэмэл хэлбэрээр нь гаргаж, олон нийтийн хүртээл болгосны дээр шинэчлэлийн ажлыг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгохын тулд салбарын мэргэжилтнүүд, судлаачид, санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг хамруулан хэлэлцүүлгийг мөн зохион байгууллаа.  
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр өмнөх туршлагыг үнэлэн, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тайлбар толийн агуулгыг улам баяжуулж, Олон улсын жишигт нийцүүлэхээс гадна хэрэглэгчдийн саналыг идэвхтэй тусгах нь чухал гэдгийг онцолж, хамтын ажиллагааны олон боломжуудыг хэлэлцлээ.

Уг тайлбар толь нь нийт 11 бүлэг, 3650 орчим англи, монгол нэр томьёоны тайлбараас бүрдэх ба цахим тайлбар толь бичгийг урьдчилан гаргаж, түүндээ шинэ үг нэмэх, нэр томьёог сайжруулах, өөрчлөх санал хүсэлт илгээх боломжийг бүрдүүлсэн тусгайлсан цэс нэмсэн нь цаашид үгийн сан өргөжих, нэр томьёоны орчуулга сайжрах, тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлсэн давуу талтай.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, СЭЗИС-ийн нийт 37 эрдэмтэн багш, судлаачид, салбарын мэргэжилтнүүд хамтран, 9 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн энэхүү “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичиг” нь мэргэжлийн хэллэгүүдийн ойлголтын зөрүүг арилгаж, цаашид эдийн засаг, санхүүгийн зохицуулалтын баримт бичиг, гэрээ хэлцэл, сургалт, судалгаа зэрэгт нэр томьёог нэг утгаар ойлгох, ашиглах боломжийг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой юм.

Тайлбар толь бичиг шинэчлэх ажлын хэсэг