A-
A
A+

Санхүүгийн боловсрол олгох "Level-Up" хөтөлбөрийн нээлт боллоо

2025-02-13 14:04 | Мэдээ, ОНСБ Мэдээ


Улсын Их Хурлын даргын санаачилгаар Монголбанк, Боловсролын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Орхон аймаг болон Булган аймагт 2 дугаар 11, Увс аймагт 2 дугаар сарын 12-ны өдөр тус тус зохион байгуулж нийт 3710 сурагч оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголбанкнаас Орхон аймаг болон Булган аймагт Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Увс аймагт Судалгаа, статистикийн газрын захирал Д.Даваасүх нар ажиллав.

"Level Up" хөтөлбөр нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Улмаар энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн 6 дүүрэг болон 6 аймагт 150 гаруй багшийг чадавхжуулан, бэлтгэж эхлээд байгаа ба 5 сарын хугацаанд 5000 сурагчдыг хамруулна.

Нээлтийн үйл ажиллагаа болсон аймаг бүрд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүдээс төлөөлөл оролцож, үг хэллээ. Мөн энэ үеэр хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлагууд сурагчидтай хамтран “Санхүүгийн боловсрол – миний амьдралд” хэлэлцүүлгийг өрнүүлэв. Танхимд цугласан сурагчид хэлэлцүүлэгт идэвх, санаачилгатай оролцож, үзэл бодлоо хуваалцсанаас гадна санхүүгийн мэдлэгээ уралдуулан өрсөлдсөнөөс, аймаг бүрд 30 сурагч шилдгээр шалгарч, Хадгаламжийн даатгалын корпорациас хадгаламжийн эрхийн бичиг, Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаанд хөрөнгө оруулах эрхийн бичиг гардууллаа.