Ахлах ангийн сурагчдад санхүүгийн мэдлэг олгох Level-Up хөтөлбөрийг танилцууллаа
Монголбанкнаас олон нийтэд зориулж “Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги 2023-2030”, “Иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх стратеги” зэрэг бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын Тамгын газар, Боловсролын Ерөнхий газартай хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн мэдлэг олгох “Level-Up” богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр нийслэлийн Ерөнхий боловсролын 70 гаруй сургуулийн удирдлагуудыг хамруулан зохион байгууллаа. Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар оролцож, санхүүгийн мэдлэгийг бүх нийтийн суурь боловсролын түвшинд хүргэхийн ач холбогдлыг онцоллоо. Түүнчлэн уулзалтад оролцогчдод зориулж Монголбанкнаас хэрэгжүүлж буй олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих бодлогын хэрэгжилт болон Level-Up хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, стратегийн талаар танилцуулж, оролцогчдын санал хүсэлтийг сонслоо.
“Level-Up” богино хугацааны хөтөлбөрийг энэ онд, хоёр улирлын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийслэл Улаанбаатар хот болон Орхон, Булган, Говь-Алтай, Ховд аймгийн ахлах ангийн сурагчдын хамруулахаар нийт 160 багшийг бэлтгэж, 5000 гаруй ахлах ангийн сурагчдад хүргэх юм. Уг хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цаашид улс орон даяар хэрэгжүүлэхээр зорьж байна.