Мөнгөний бодлогын мэдэгдэл - 2024-05
Бодлогын хүүг хэвээр хадгалах, заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай
Дугаар: 2024/05
Огноо: 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан:
- Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах;
- Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 хувь болон 16 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.
Жилийн инфляц 2024 оны 10 дугаар сард 7.0 хувьтай байсан бол 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өслөө. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ 10 дугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол 11 дүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна. Цахилгааны үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь сүүлийн саруудад инфляц нэмэгдэхэд нөлөөлж байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөнийг дагасан дам нөлөө болон төсөв тэлж, эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна. Эдгээрийн нөлөөгөөр ирэх оны эхний хагаст инфляц эрчимжиж, түүнээс хойш эргэн саарч эхлэх хүлээлттэй байна.
Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний гурван улирлын байдлаар 5.0 хувьтай гарлаа. Өсөлт удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсны зэрэгцээ барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл буурсан нь гол нөлөө үзүүлэв. Үүнтэй уялдан энэ оны өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бага зэрэг бууруулсан бол, ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн үйлдвэрлэл өсөх, энэ оны зудын нөлөө буурах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт эрчимжихээр байна.
Хөгжингүй орнуудын мөнгөний бодлого энэ онд зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байна. Энэ нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлөх боловч, геополитикийн нөхцөл байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Инфляц 2026 оны эхнээс зорилтот интервалын орчимд тогтворжихоор байна. Иймд зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлж, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Эдгээр багц шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО
Дараах холбоосоор татна уу: татах