Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулах ёслол боллоо
Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтнийг сургах онол, практик хосолсон сургалтад хамрагдсан Төрийн банкны 50 гаруй ажилтан энэ өдөр батламжаа гардан авлаа.
Монголбанк, Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академитай хамтран хэрэгжүүлж буй Шинэ банкирын онол, практик хосолсон сургалтын төгсөгчдөд “Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний батламж” гардуулах ёслолын үйл ажиллагаа 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр боллоо.
Монголбанк, Монголын Банкны Холбоо, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран 2017 оноос эхлэн харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний сургалтыг зохион байгуулж ирсэн. Тус сургалт нь 2022 оноос хойш “Шинэ банкирын онол практик хосолсон сургалт” нэртэйгээр шинэчлэгдсэн бөгөөд банкируудын мэргэжлийн суурь ур чадварыг дээшлүүлж, тэднийг улам бүр чадавхижуулан хөгжүүлсээр байна. Өнөөдрийг хүртэлх 7 жилийн хугацаанд уг сургалтад хамрагдсан нийт элсэн суралцагчдын тоо 700-д хүрээд байна.
Түүнчлэн Монголбанкнаас олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг баталсан байдаг. Тиймээс уг жишиг шаардлагыг хангуулах ажлын хүрээнд банкны ажилтнууд Олон улсын түвшний онол, практик хосолсон сургалтад хамрагддаг. Ингэснээр банкны үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой, энгийнээр хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөн санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах өндөр ач холбогдолтой юм.
Батламж гардуулах ёслолын ажиллагаанд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ханна Бэкер, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг, Төрийн банкны Тэргүүн дэд захирал Д.Сугар нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэж, батламжийг нь гардуулан өглөө.
Энэ онд Төрийн банкны 15 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд Герман улсын банкны концепцоор туршигдсан, өндөр өгөөжтэй, онцгой сургалтад Төрийн банкны салбар нэгжийн шилдэг ажилтнууд хамрагдаж, түүхэн ойгоороо төгсөж байгаа нь онцлог бөгөөд чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг тус банкны захирал Д.Сугар мөн онцолж байлаа.