A-
A
A+

 “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум (ТоС Форум)–2024” Нөлөөллийн хөрөнгө оруулалт ба тогтвортой санхүүжилтийн хүртээмж воркшопийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үг

2024-11-29 11:00 | Ярилцлага

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

“Монголын Тогтвортой Санхүүгийн Форум (ТоС Форум) – 2024” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Нөлөөллийн хөрөнгө оруулалт ба тогтвортой санхүүжилтийн хүртээмж” воркшопт хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.
Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралыг 22.7 хувиар бууруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтыг хангах үүрэг амлалттай билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум” бодлогын чиглэлийг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, мөн Парисын хэлэлцээр болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хангахад тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх, шийдэл олоход онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж, ногоон шилжилтийг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлт чухал. Түүнчлэн нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих үйл явцыг дэмжих, шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг татах нь банк, санхүүгийн салбарын үүрэг, хариуцлагыг улам нэмэгдүүлж байна.

Монголбанк ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, олон улсын стандарт, зарчмыг нэвтрүүлэх чиглэлд бодлогоор дэмжиж, холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажилласаар ирлээ. Тухайлбал:

  • 2019-2024 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд ногоон санхүүжилтийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг тусган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
  • 2019 онд Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн (СТБЗ) хүрээнд “Ногоон таксоном”-ийг баталж, 2020 оноос эхлэн банкны салбарын ногоон зээлийн статистикийг гаргаж, олон нийтэд танилцуулж байна.
  • Банкны байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) болон уур амьсгалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлалыг баталж, банкуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэн тогтвортой санхүүжилтийг дэмжин ажиллаж байна.

Ногоон, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанк сүүлийн жилүүдэд макро зохистой бодлогын зарим арга хэмжээг банкуудын санаачлагыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээнүүд нь өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг ногоон болгох сэдлийг бий болгоход хангалттай биш байна.

Ногоон шилжилтийг хурдасгах үр дүнтэй арга замын нэг бол улс орнуудын хэрэгжүүлж буй нүүрстөрөгчийн татварын механизм юм. Энэ нь ногоон технологи, бүтээгдэхүүнийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татахад чухал хөшүүрэг болдог төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн бүтцийг бий болгодог. Иймд Монголбанк нүүрстөрөгчийн татвар нэвтрүүлсэн бусад улс орнуудын туршлага болон энэ механизмын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалж, үр дүнг нь шинжилж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд уг судалгааны эхний үр дүнг та бүхэнд танилцуулах болно.

Монгол Улсын дунд, урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох, ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг татах чиглэлд манлайлан ажиллаж буй банк, санхүүгийн салбарынханд болон өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцахаар хүрэлцэн ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье!