Б.Баярдаваа: Эдийн засгийн халалт бус сэргэлт явагдаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, баталсан. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.
-Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аас баталлаа. Ирэх жил инфляц ямар түвшинд байх вэ. Мөнгөний бодлого одоогийнхоос хатуу төлөвтэй байх уу. Эсвэл өнөөгийн түвшинд байх уу?
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг дэлгэрэнгүй хэлэлцэж, баталсан. Энэ жилийн хувьд эдийн засгийн өсөлт одоогийн 5.5 хувийн өсөлтөөс хөдөө аж ахуйг хасаад тооцвол бусад секторууд 8-9 хувийн өсөлттэй байгаа. Энэ нь маш өндөр үзүүлэлт. Монголын эдийн засаг дунджаар жилд дунджаар 6-7 хувиар өсдөг гэж үзвэл 9 хувь гэдэг бол том тоо юм. Бидний хувьд энэ өсөлтийг эдийн засгийн халалт гэхээс илүү эдийн засаг бүрэн сэргэсэн байна гэж дүгнэж байгаа. Энэ нь УИХ-аар батлуулсан мөнгөний бодлогын үндсэн чиглэлд бидний онцолж буй гол зүйл болж байгаа. Нэг ёсондоо бид бүхэн сүүлийн 3-4 жилийн хугацаанд цар тахал, олон улсын харилцааны төвөгтэй байдал дунд эдийн засгаа удирдаж ирлээ. Энэхүү хүндрэлээс эдийн засаг гарчээ гэж дүгнэж байна. Тэр нь эдийн засгийн өсөлтөд харагдаж байна гэж үзэж байна.
Нөгөө талдаа эдийн засгийн өндөр идэвхжилийг дэмжиж байгаа нэг зүйл нь санхүүгийн зах зээл дээр байгаа санхүүгийн зуучлалын үзүүлэлтүүд. Өөрөөр хэлбэл, зээл 27-28 хувиар өсөж байгаа нь маш өндөр үзүүлэлт. Үүн дотор бизнесийн зээл ч ялангуяа энэ оны 2 дугаар улирлаас эхлээд сэргэсэн. Өрхийн хэрэглээний зээл өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас нэлээн сэргэсэн. Энэхүү үзүүлэлтүүд эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байгаа. Тэгэхээр энэ тоон үзүүлэлтүүдтэй уялдаад өрхийн амьжиргаа, өрхийн зах зээл, хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхлэлт ямар байна вэ гэдгийг ч мөн харж болно. Эдийн засгийн идэвхжилтэй уялдаад ажил эрхлэлт өнгөрсөн хүнд цаг үетэй харьцуулахад сэргэхгүй нэлээн удсан. Энэ үзүүлэлт энэ жилийн хувьд нэлээд өндөр түвшинд хүрсэн. Юунаас харагдаж байна вэ гэхээр ажиллах хүчний оролцооны түвшин гэж байдаг. Хөдөлмөрийн насны хэдэн хүн ам ажил эрхэлж байгаа болон ажил идэвхтэй хайж байгаа түвшин хүндрэлтэй үед 53, 54 хувь руу унаж өнгөрсөн 2023 он хүртэл сайжрахгүй байсан үзүүлэлт одоо 62 хувь болж 7, 8 пунктээр сайжирсан байна. Энэ утгаар нь харвал эдийн засгийн халалт үүссэн гэхээс илүү эдийн засаг бүрэн сэргэсэн гэж дүгнэж болохоор байгаа юм.
Олон янзын судалгааны байгууллага, судлаач нар янз бүрийн дүгнэлттэй байж магадгүй. Гэхдээ нөгөө талдаа эдийн засгийн сэргэлтийн хамгийн чухал асуудал нь энэхүү сэргэлтийг дунд хугацаанд яаж тогтвортой хадгалах вэ гэдэг нь энэ жилийн үндсэн чиглэлийн гол агуулга юм.
-2025 оны төсөв нэлээн тэлэхээр байгаа. ДНБ-ийг нэрлэсэн үнээр нь тооцвол 95 их наяд төгрөг. Үүний 37 хувьтай тэнцэнэ гэдэг нь төсөв маш том тэлсэн гэсэн шүүмжлэл эдийн засагчдаас гарж байгаа. Төсөв өндөр тэлчихсэн байгаа үед нөгөө талд дахиад хөнгөлөлттэй хүүний олон хөтөлбөр хэрэгжиж байгаа. Засгийн газраас мега төслүүдийг хэрэгжүүлнэ гээд хэдэн их наядаар тоологдох мега төслүүдийг зарласан. Ийм худалдан авалт нэмэгдэх, импорт нэмэгдэх хүлээлттэй зэрэгцээд та бүхэн валютын нөөц дээр ямар дарамт ирнэ гэж харж байна вэ?
-Сая таны хэлсэн хүчин зүйлүүдийг тус бүрд нь авч үзье. Нэгдүгээрт, таны хэлснээр төсөв ДНБ-ий 37 хувьтай тэнцэхүйц хэмжээний том төсөв ярьж байгаа. Монголбанкны зүгээс 2 жилийн өмнөөс УИХ-ын чуулган дээр тодорхой хэлж байгаа зүйл нь төсвийн ДНБ-д эзлэх хувийг 30 хувиас хэтрүүлэх нь зохимжгүй юмаа гэдгийг илэрхийлж байгаа. Яагаад ингэж хэлээд байгаа вэ гэхээр хэрвээ төсөв ингэж тэлбэл нөгөө талдаа мөнгөний бодлогын орон зай хумигдаж байдаг. Орон зай хумигдахын хэрээр эцэстээ зээлийн хүү, зээлийн нийлүүлэлтээр дамжаад хувийн секторын тал дээр сөрөг нөлөө үзүүлэх талтай учраас Монголбанк байнга ингэж дуугарч байгаа. Түүнчлэн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гэдгийг яагаад онцлоод байгаа вэ гэхээр Монголбанк энэ төсөл, хөтөлбөрүүд дээр мөнгө нийлүүлж оролцохгүй байгаа. Банкнууд өөрсдийн эх үүсвэрээр энэ зээлүүдийг гаргаж байгаа. Энэ яагаад Засгийн газрын гэж нэрлэж байна вэ гэхээр Засгийн газар хүү дээр улсын төсвийн татаас болгож хүүг хөнгөлж байгаа гэсэн үг. Эдгээр нь ихэнхдээ хөдөө, аж ахуйн зээлүүд.
Монгол Улсын инфляцын 40 хувийг үндсэндээ цөөхөн хэдэн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн тайлбарладаг. Тэр нь нэгдүгээрт мах, хоёрдугаарт гурил, түүгээр үйлдвэрлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүн, гуравдугаарт хүнсний ногоо, дөрөвдүгээрт шатахуун. Ингээд харахаар энэ дөрөв, таван бараа, бүтээгдэхүүнээс гурав, дөрөв нь хүнсний бараа, бүтээгдэхүүн байна. Энэ бараа, бүтээгдэхүүний хангамжийг илүү тогтвортой болгох, чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрэглэгч нарт хүргэж чаддаг байх тухай асуудал нь нэгдүгээрт энэ улирлын үнийн хэлбэлзлийг байхгүй болгох ёстой. Хоёрдугаарт өрх, иргэд чанартай хүнсээр дотоодоосоо хангагддаг байх ёстой гээд хүнсний аюулгүй байдлын тухай асуудал яригдаж байгаа учраас Засгийн газрын, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилгыг Монголын банкны салбар дэмжиж оролцож байгаа. Үүний хүрээнд оны эхэн үетэй харьцуулбал хүнсний хувьсгал, шинэ хоршоо хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 1 их наяд төгрөгийн зээл гаргасан байна. Энэ нь өөрөө ямар хэмжээний том дүн бэ гэхээр оны эхний байдлаар бизнесийн зээл 3.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгаа. 3.7 их наяд төгрөгийн 1 их наяд төгрөг нь хөтөлбөрийн зээл байна гэсэн үг. 2.7 их наяд төгрөг нь зах зээлийн шугамаар арилжааны банкнуудаас бусад салбарт олгож байгаа бизнесийн зээлүүд байна.
Нөгөө талаас нь таны онцолж асууж байгаа нэг зүйл нь Засгийн газрын том хөтөлбөрүүд. Засгийн газрын том хөтөлбөрүүдийг амжилттай, эдийн засагт сөрөг үр дагавар багатайгаар мөн дээрээс нь төлбөрийн тэнцэл, валютын нөөц дээр дарамт учруулахгүй байх тал дээр анхаарч хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төслүүдийн эрэмбэ, дарааллыг тогтоох ёстой гэж бид үзэж байгаа. Яаж эрэмбэ, дарааллыг тогтоох бэ, юуг шалгуур болгох бэ гэдэг нь анхаарал хандуулах ёстой асуудал.
Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийн суурилагдсан хүчин чадал гэж бий. Тэр нь тээвэр, логистикийн асуудал, хил гаалийн нэвтрүүлэх асуудал, төмөр замын тээврээр тээвэрлэх хүчин чадлын асуудал, авто замаар тээвэрлэх хүчин чадлын асуудал, хил гааль дээр бүртгэж байгаа асуудал гээд энэхүү бүх зүйлүүд өөрөө эдийн засгийн даах хүчин чадал гэж бий. Өнөөдөр эдийн засаг өндөр өсөлттэй явж байгаа үед энэ хүчин чадал маш өндөр эргэлттэй, хүчин чадал нь маш өндөр ашиглагдаж байгаа. Тэгэхээр үүн дээр дарамт үзүүлэхгүйгээр цаг хугацааны хувьд зөв тархааж, оновчтой хэрэгжүүлэх ёстой. Хоёр дахь өндөр нь миний бодлоор энэхүү том төсөл хөтөлбөрүүд үндсэндээ Монгол Улсын хувьд ихэнх бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортоор авна. Ялангуяа хөрөнгө оруулалтын шинж чанартай эсвэл томоохон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнүүдийг. Үүнийг хэрэгжүүлэхдээ валютын урсгал оруулж ирэх төсөл, хөтөлбөрүүдийг түрүүнд хэрэгжүүлэх ёстой. Дараагийнх нь эдийн засгийн суурилагдсан хүчин чадлыг тэлэхээр төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой. Гурав дахь нь нэгэнт энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд валютын хэрэгцээ байх учраас гаднын хөрөнгө оруулалтын, гадаад валютын эх үүсвэрээр үүнийг хэрэгжүүлэх ёстой. Миний хувьд ийм гурван зүйл дээр анхаарах ёстой гэж бодож байна.
-Төлбөрийн тэнцэл сүүлийн байдлаар сарын дүнгээр алдагдал нь нэмэгдсэн, валютын нөөцийг мөн аваад үзвэл сарын дүнгээрээ буурсан үзүүлэлттэй байна. Мэдээж Монголбанкны дурдсан цаг үеийн шинжтэй, улирлын шинжтэй импортын худалдан авалтууд нэмэгдсэн байна. Ирэх оны хувьд жишээ нь Оюу толгой 2024 оноос өмнөх шиг тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт оруулж ирэхгүй байх. Бусад төслүүд эхэлсэн ч гэсэн ийм хэмжээний валютын урсгалыг бий болгож чадах уу гэдэг сорилтууд байна. Тэгэхээр та бүхэн энэхүү сорилтуудыг яаж даван туулна гэж харж байна вэ?
-Төгрөгийн ханш сүүлийн жил гаруйн хугацаанд маш тогтвортой, бага хэмжээнд чангарсан төлөв байдалтай байгаа. Энэ нь юуны тусгал вэ гэхээр төгрөгийн ам.доллартой болон бусад валюттай харьцах ханш гэдэг бол үндсэндээ зах зээлийн үнэ гэдгийг бид бүхэн ойлгох хэрэгтэй. Ямар барааны зах зээлийн үнэ бэ гэхээр Монгол Улс руу валютын орж байгаа урсгал, гарж байгаа урсгалын тэнцвэр дээр валютын зах зээл дээр тогтож байгаа үнэ. Тэгэхээр Монгол Улс руу ямар хэмжээний валютын урсгал орж ирэх үү, буцаагаад бид нар импорт, гадаад төлбөрт ямар хэмжээний төлбөр төлөх үү гэдгийг харах ёстой. Монгол Улс руу ямар хэмжээний валют орж ирэх гэж байна вэ гэхээр нэг талаас энэ жилээс эхэлсэн байгаа зүйл болох Оюу толгойн далд уурхайн экспортын орлого, түрүүн хэлсэнчлэн нэмэгдэнэ. Хоёр дахь зүйл нь нүүрсний зах зээл маш өөдрөг байгаа, тоо хэмжээний хувьд. Мэдээж хэрэг шинжээч нар нүүрсний үнэ буурна гэж хүлээж байгаа, бид нар мөн буурна гэж хүлээж байгаа. Тэгэхээр 110, 120-той байсан нүүрсний үнэ 90, 100 руу орж ирэхээр төсөөлөлдөө оруулж үзсэн. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ийн хооронд хийгдэж байгаа хэлэлцээрүүдийн үр дүнд бий болж байгаа нүүрсний зах зээлийн идэвхжил, худалдан авалтууд цаашид үргэлжилнэ гэсэн төлөв байдалтай байгаа.
Ирэх жилийн нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн жил, энэ жилийнхээс давна гэж Засгийн газар төсвийн тооцоолол, судалгаандаа оруулсан байгаа. Тэгэхээр орж байгаа талдаа ийм нөлөөлөлтэй. Нөгөө талд нь гарж байгаа урсгалд нь юу байна вэ гэхээр энэ жилийн импорт жилийн дүнгээр эхний найман сарын байдлаар 26 хувийн өсөлттэй байгаа. Энэ импортын өсөлт ирэх жил явах уу гэдэг нь төсвийн зардлын батлагдах байдал, том төсөл хөтөлбөрүүдийг яаж хэрэгжүүлэх үү гэдэг нь дээр ярьсан зүйлсээс хамаарна. Гурав дахь зүйл нь энэ жилийн импорт дотор өсөлттэй байгаа зүйлүүд ирэх жил үргэлжлэх үү гэдэг том асуудал байгаа юм.
Бидний валютын урсгал дээр гол нөлөө үзүүлж байгаа зүйл бол ирэх жилийн хувьд Засгийн газрын зүгээс том бондуудын төлөлтүүд байхгүй. 2026 онд 600 сая ам.долларын төлөлттэй. Тэгэхээр 600 сая ам.доллар гэдэг бол макро эдийн засгийн менежментийг тогтвортой хийгээд явж байгаа тохиолдолд тийм том дүн биш. Эргэн төлсөн ч том дүн биш, дахин санхүүжүүлсэн ч том дүн биш. Тэгэхээр дахин санхүүжүүлсэн ч дарамт багатай үзүүлэлт байгаа юм.
-Монголбанкны своп хэлцлүүдийн хувьд эргэн төлөгдөх нөхцөлүүд яаж яригдаж байгаа вэ?
-Энэ жил валютын нөөц нэмэгдэж байгаа цаг хугацаанд Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн тал хувийг төлж барагдуулсан. Үндсэндээ 850 сая ам.долларыг өнгөрсөн жилийн 12 сард, энэ жилийн эхний хагсад төлсөн. Өрийн 50 хувь нь төлөгдсөн гэсэн үг. Хэрвээ бид энэ өрийг төлөөгүй байсан бол өнөөдөр валютын нөөц 5 тэрбум гаруй ам.доллар байхаар байсан байна. Мөн дээрээс нь Монгол Улсын Засгийн газрын бондын дахин санхүүжилтийн хүрээнд өрийн эргэн төлөлт хийгдсэн байгаа, тэр нь 177 сая ам.долларыг валютын нөөцөөс төлж барагдуулсан. Ингэхээр бидний хувьд энэ жил Засгийн газрын бондын болон Монголбанкны своп хэлцлийн эргэн төлөлтийн нэг тэрбум ам.долларын өр төлчихсөн байна гэсэн үг.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia