A-
A
A+

Инновацын оффис нээв

2024-09-17 14:02 | Мэдээ

Финтекийг хөгжүүлэх зорилт тавьж буй улс орнуудын авч хэрэгжүүлдэг хамгийн энгийн боловч үр дүнтэй чухал арга хэрэгсэл нь инновацын оффис байгуулах явдал юм. Инновацын оффис гэдэг нь зохицуулах, хяналт тавих, зөвшөөрөл өгөх эрх бүхий байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн нэгж байх бөгөөд финтек компаниудад хууль эрх зүйн орчин, баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, тэдгээрт зааж, зөвлөх, чиглүүлэхэд тус оффисын үйл ажиллагааны зорилго оршино.

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй финтек компаниудад төвлөрсөн нэг цэгээс хууль эрх зүйн орчны зөвлөгөө өгөх, чиглүүлж хамтран ажиллах үүрэгтэй төвлөрсөн тогтолцоо өмнө нь байгаагүй. Тэгвэл тус инновацын оффисыг үүсгэн байгуулснаар финтекүүдийн үйл ажиллагаа нь зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаанд хамаарах эсэх, эсхүл урьд өмнө байгаагүй шинэлэг үйлчилгээ байх тохиолдолд зохицуулагч байгууллагын зүгээс хэрхэн бодлогын арга хэмжээ авч хариу үйлдэл үзүүлэх, эрх зүйн тогтолцоонд ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй гэх зэрэг олон чухал асуудлаар шийдвэр гаргах, хамтран ажиллах  боломжийг олгоно.

Монголбанк болон СЗХ-ноос тавигдах шаардлага өндөр, зөвшөөрөл авахтай холбоотой хууль, журмын давхцал, тодорхой бус байдал, их хэмжээний бүрдүүлэх баримт бичиг, зөвшөөрөл авахтай холбоотой шимтгэл, хураамж гэх мэт олон асуудлаас болж финтек компаниуд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахдаа хойрго хандах байдал ажиглагдаж байна. Тийм ч учраас Монголбанкны Төлбөр тооцооны газрын Бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтэс, Хяналт зохицуулалтын хэлтэс хамтран хүсэлт ирүүлж хандсан, мэдээлэл хүссэн байгууллага, финтек компаниудад зөвшөөрлийн болоод хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ирсэн. Гэвч ажлын ачаалал, уулзалт хийх хүсэлт ирүүлсэн байгууллагын тоо олон зэргээс шалтгаалан ихэнх тохиолдолд хүсэлт гаргасан даруйд нь уулзалт зохион байгуулах боломжгүй байв. Харин бидний өнөөдөр нээж буй инновацын оффисын тусламжтайгаар одоогийн зохицуулалт, зөвшөөрөл авах процесс, бүрдүүлэх материалтай холбоотой аливаа мэдээллийг цаг тухайд нь өгснөөр финтек компаниудад шаардлагатай зөвшөөрөл авахад нь томоохон дэмжлэг, түлхэц үзүүлэх юм. Мөн зах зээлд шинээр гарч ирэх санхүүгийн үйлчилгээ, шинэ технологи зэргийг цаг алдалгүй таньж мэдэх, финтек компаниудтай биечлэн уулзаж, санал, туршлагыг нь сонсож, цаашдын чиг хандлагыг нь тодорхойлон, түүнд нийцсэн зохицуулалтын шинэчлэл, өөрчлөлтийг ч хийх боломжтой болно.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу инновацын оффисыг байгуулах үүрэг нь Монголбанканд олгогдсон бөгөөд төлбөрийн системийн журмаар уг үйл ажиллагааг зохицуулахаар тусгаж Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар ийнхүү инновацын оффисыг нээж, түүнд хандсан санал хүсэлтийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

МОНГОЛБАНК