A-
A
A+

Б.Лхагвасүрэн: Банкны салбарын туулсан зам дардан байгаагүй ч, одоо батжин бэхжээд байна

2024-07-16 11:08 | Ярилцлага

Банкны тогтолцооны үүсэл, хөгжил, бэхжилт, Төв банкны үүрэг, оролцоо, санхүүгийн цахим үйлчилгээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд банкны салбарын гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Монгол Улсын банкны салбар өнгөрсөн 100 жилийн хугацаанд олон улсын түвшинд хүрч хөгжиж, тэр хэрээр эдийн засагт гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, улс орны бүтээн байгуулалт, хөгжлийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банк (Монголбанк) анх 1924 онд байгуулагдаж, 1925 онд үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг гүйлгээнд гаргасан нь түүхэн чухал үйл явдал байв. Ийнхүү Монголбанк байгуулагдсанаар Монгол Улсад мөнгөний тогтолцоо үүсэж бэхжих, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг дотоод санхүүжилтээр дэмжих суурь бүрдсэн.

Монголбанк 1924-1991 онд санхүүгийн зуучлал болон санхүүгийн системийн хөгжлийг дангаар тодорхойлж, санхүүгийн зах зээл дээрх үндсэн ганц зуучлагч байсан. Харин 1991 оноос хойш банкны хоёр шатлалт тогтолцоонд шилжиж, банк санхүүгийн тогтолцоо эрчимтэй хөгжихөд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Монголбанк анх 22 ажилтантай, Нийслэл хүрээнд төвтэйгөөр байгуулагдаж, Алтанбулаг суманд салбартай байсан бол, 2023 оны эцсийн байдлаар банкны салбар 16,459 ажилтан, 303 салбар, 1019 тооцооны төв, 51 валют солих цэг, 5 төлөөлөгчийн газартайгаар санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Монголбанк 100 жилийн түүхэндээ дотоод, гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай хийх, үнийн тогтвортой байдлыг хадгалах, гадаад валютын нөөцийг удирдах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, олон улсын жишигт хүрсэн тоон мэдээлэл гаргах, судалгаа, шинжилгээ хийх чиглэлд дэлхийн сайн туршлагыг нутагшуулан улам бэхжин, хөгжиж ирлээ.

Өнөөдөр Монголбанк төрийн институт, эмиссийн банк, мөнгөний бодлого тодорхойлогч, банкны салбарын зохицуулагч байгууллага, санхүүгийн зуучлагч, гадаад валютын нөөцийн удирдлагын менежер, Эрдэнэсийн сангийн “арвижуулан хамгаалагч”, санхүүгийн боловсрол олгогч, зээл, санхүүгийн мэдээллийн санг хариуцагч зэрэг чиг үүргийг гүйцэтгэн, улс орны бүхий л салбар, нийгмийн амьдрал, хөгжилд өөрийн чиг үүргийн хүрээнд оролцож байна. Банкны хоёр шатлалт тогтолцоонд шилжин, хөгжилд тэмүүлсэн 33 жилийн хугацаанд банкны салбар үйлчилгээ, технологийн чиглэлд анхдагч байж, хөгжлийн хувьд олон улсын түвшинд хүрч, Монгол Улсын эдийн засгийн чухал салбарын нэг болтлоо тэлээд байна. Банкны салбарын туулсан зам үргэлж дардан шулуун байгаагүй ч одоо “эрийн цээнд хүрч” эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлт, ногоон хөгжлийг түүчээлэх тулгуур багана болж чадсан гэж харж байна.

-Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн түүх арвин баялаг, мөн өнө эртнээс улбаатай. Чингис хааны үеийн мөнгөн тэмдэгт, Юань гүрэн гээд бахархам түүхтэй. Гэхдээ монголчууд бид мөнгөн тэмдэгтийн өнөө үед шинэчлэгдэн ирсэн түүхээ сайн мэддэггүй нь үнэн. Таныг энэ талаар сонирхолтой түүх ярина гэж бодож байна?

-Тийм ээ, бид төлбөрийн хэрэгсэл, мөнгөн тэмдэгтийн арвин баялаг түүхтэй. Тэр түүх маань өнө эртнээс улбаатай. Азийн нүүдэлчдийн байгуулсан анхны хүчирхэг эзэнт гүрэн Хүннү, түүний дараах Түрэг, Уйгарын үеэс зоосон мөнгө цутгаж, худалдаа арилжаанд хэрэглэж байсан. Чингис хаан, түүний залгамжлагчид Монголын их эзэнт гүрнийг байгуулж, алт, мөнгө, хүрэл зоос, цаасан мөнгөн тэмдэгтийг эдийн засгийн эргэлтэд оруулж байв.

Хожим Ардын хувьсгал ялж, мөн Монголбанкийг байгуулсны дараа МАХН-ын 1924 оны наймдугаар сард хуралдсан III их хурлаар банкны үйл ажиллагааны тухай авч хэлэлцээд, “Цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн байдаг. БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд, үндэсний мөнгөн тэмдэгт бий болгох нь чухлыг тодотгосон.

Улмаар Ардын Засгийн газраас 1925 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр “Мөнгөний шинэчлэл хийх тухай” түүхэн тогтоол гаргасан байдаг. Үүний дагуу Сангийн яамнаас Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банкийг түшиглэн 1925 онд Мөнгөний явдлыг шинэчлэн сайжруулах комиссыг байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах, мөнгө, зээлийн бодлого боловсруулах ажлыг хариуцуулж байлаа. Ийнхүү 1925 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр анх 200, 100 төгрөгийг гүйлгээнд гаргаснаас хойш 99 жил болж байна. Үндэсний мөнгөн тэмдэгт “төгрөг” ийнхүү улс ардын аж ахуйн хөгжлийн бүхий л үе шатанд амжилттай үйлчилж, мөнгөн гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл, өртгийн хэмжүүр, хадгаламжийн үндсэн нэгж, олон улсын мөнгөний үүргийг бүрэн чадвартай гүйцэтгэсээр ирсэн түүхтэй.

“Хубилай хаан 1260 онд Шанду (Юань гүрний зуны нийслэл)-д Монголын Их Эзэнт гүрний хаан болсны дараагаар гүйлгээнд байсан төлбөрийн хэрэгслүүдийг орлуулах зорилгоор мөнгөөр баталгаажсан шинэ цаасан мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан нь нэгдсэн мөнгө гаргах эхлэл болсон. Хубилай хаан Монголын Их Юань гүрэн (1271-1368)-ийг байгуулан өөрийн гаргасан цаасан мөнгөн тэмдэгтийг цорын ганц хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон зарлаж, бусад бүх металл зоосыг хүчингүй болгосон байдаг.

-Төв банкийг энэ 100 жилд хэдэн Ерөнхийлөгч удирдаж байсан бэ? Таны хувьд ажлын гараагаа Монголбанкнаас эхлэн, банк санхүүгийн салбарт 30 орчим жил ажиллаж, өдгөө 100 дахь жилийн ойгоор Монголбанкандаа эргэн ирж Ерөнхийлөгчийн хувиар ажиллаж байна. Та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Монголбанк, банкны салбарын хөгжлийн 100 жилийн хугацааг Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банк үүсэн байгуулагдсан үе, БНМАУ-ын 100 хувь өөрийн эзэмшлийн банктай болж хөгжсөн үе, банкны хоёр шатлалт тогтолцоонд шилжин бэхэжсэн үе гэж ерөнхийд нь үечилж болно. Одоо миний бие Төв банкны 20 дахь удирдлага болон ажиллаж байна. Монголбанкийг үүсгэн байгуулсан эхний жилүүдэд 1924-1931 оны хооронд Оросын дөрвөн мэргэжилтэн удирдаж байсан нь манай улсад банк, санхүүгийн талаарх мэдлэг боловсролтой боловсон хүчин байхгүй байсантай холбоотой. Харин 1931 онд анхны монгол даргаар С.Довчин томилогдож, 1939 он хүртэл ажилласан. Түүнээс хойш 1991 он хүртэл Монголбанкийг Ю.Цэдэнбал, Т.Балдан, Г.Балжид, Л.Лхамсүрэн, П.Төмөр, Д.Данзан, Г.Хүдэрчулуун нарын долоон хүн удирдаж байв. 1991 онд Монголбанкны анхны Ерөнхийлөгчөөр Н.Жаргалсайхан томилогдсоноос хойш Д.Моломжамц, Ж.Үнэнбат, О.Чулуунбат, А.Батсүх, Н.Баяртсайхан, Л.Пүрэвдорж, Н.Золжаргал нарын эрхмүүд энэ албыг нэр хүндтэй хашиж ирсэн.

Таны дараагийн асуултад хариулахад миний ажил амьдрал Төв банк, банк, санхүүгийн салбартай салшгүй холбоотой. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн жилдээ тухайн үед Улсын төлөвлөгөөний комиссын дэргэдэх Шинжлэх ухааны Эдийн засгийн хүрээлэнд эрдэмтэн шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, улмаар Монголбанканд шилжин ажилласнаар бодлогын шийдвэр гаргадаг бүхий л газар, нэгжид ажилласан. Монголбанкандаа ажиллаж байх хугацаандаа АНУ-ын Вашингтон дахь Дэлхийн банкны төвд Зүүн Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөхөөр шилжин ажиллаж, туршлага хуримтлуулсан.

Улмаар Монголбанкандаа буцан ирж, өөрийн мэдлэг, туршлагынхаа хүрээнд төрийн мөнгөний бодлого банкны салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн. Монгол Улс анх удаа харилцагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуультай болсноор Хадгаламжийн даатгалын корпорацыг төрөөс үүсгэн байгуулж, анхных нь удирдлагаар ажиллаж, үйл ажиллагааг нь төлөвшүүлж байв. Түүний дараа Монголбанкандаа дахин томилогдож, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр дэвшин ажиллаж байна. Энэ хугацаанд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэх, ФАТФ-ийн “Саарал жагсаалт”-аас шуурхай гарах, цар тахал, геополитикийн хурцадмал цаг үеийн мөнгөний бодлогыг удирдах зэрэг хариуцлагатай үүрэгтэй тулгарсан. Одоо харахад, эдийн засгийн бүхий л үзүүлэлт эерэг зүгт сайжирч, сэргэсэн байна.

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоо ололт амжилт бүтээлээр угтаж байгаадаа Монголбанк, банкны салбарынхан бид баяртай байгаа. Эдийн засагт тулгарсан хүндрэл бэрхшээлийг бууруулахаас гадна банкны системийг тогтворжуулах шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан. Үр дүнд нь банк олон нийтийн өмчлөлтэй болж, засаглал сайжрах, гаднын банк дотоодын зах зээлд олон хэлбэрээр нэвтрэх эрх зүйн орчин бүрдэж, банкны салбарыг хөгжлийн дараагийн шатанд хүргэх шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж байна.

-Таны Монголын банкны секторт ажиллаж эхэлсэн хугацаа Монгол Улс зах зээлийн системд шилжсэн хугацаатай давхцаж буй. Монголын арилжааны банкнуудын өнгөрсөн 30 гаруй жилийн хөгжлийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Банкны салбарын өнгөрсөн 33 жилийн түүхийг товч дүгнэбэл, банкуудын хувьд ч, банкны салбарын хууль эрх зүйн зохицуулалтын хувьд ч үсрэнгүй хөгжлийн үе байлаа. 1990 оноос Монгол Улс банкны хоёр шатлал бүхий тогтолцоонд шилжиж, анхны арилжааны банкууд үүсгэн байгуулагдаж эхэлсэн. Арилжааны банкууд үүсгэн байгуулагдсанаар банкны салбарт системийн шинжтэй томоохон өөрчлөлт бий болж, Төв банкны хувьд арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулах, хянан шалгах томоохон үүрэгтэй болсон. Төв банкны зүгээс банкны салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, банкуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх ажлыг шуурхайлж,1991 оны дөрөвдүгээр сард Банкны тухай хуулийг баталж, Төв банкийг мөнгө, зээлийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй болгож, үйл ажиллагааг зохицуулсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийг 1996 онд батлуулж, банкны салбарын хууль эрх зүйн орчин бүрдэх үндэс суурь тавигдсан. Шилжилтийн эдийн засгийн он жилүүдэд банкууд олноор байгуулагдаж, мэдлэг туршлага бага байснаар 1994-1996 оны хооронд банкны салбарт хүндрэл хямрал нүүрлэж байв.

Банкны салбарын зохицуулалт сайжирснаар 2000-2009 онд харьцангуй тогтворжилтын үе эхэлж, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн харьцаа, зээлийн чанар сайжирч, мэргэшсэн боловсон хүчинтэй болж, үйл ажиллагаа нь төлөвшиж ирсэн. Ингэснээр 2010 оноос банкны салбар улам өргөжиж, арилжааны банкуудын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, олон улсын шинэ технологийг нэвтрүүлж эхэлснээр манай банкны салбар дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэх хөгжил дэвшлийн гараандаа ирсэн гэж хэлж болно.

Банкны салбарын тогтвортой байдлын үндсэн тулгуурын нэг болох хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгон, банкан дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлж, банкны хадгаламжийг даатгалд хамруулж, банкны салбарын тогтвортой байдлыг улам бэхжүүлсэн. Банкны үйл ажиллагаанд тавигдах зохистой харьцааны шаардлагыг бий болгож, банкны зохистой засаглал, эрсдэлийн удирдлагад тавигдах шаардлага, банканд хийх байнгын хяналт шалгалт, төлбөрийн чадваргүй болсон банканд хийх албадлагын арга хэмжээний зохицуулалтыг олон улсын сайн туршлага, өөрийн орны туршлагад үндэслэн бий болгож ирсэн. Мөн банкны хяналт шалгалтыг олон улсын Базелийн стандартад нийцүүлэх ажил эрчимжиж, Монголбанкнаас эрсдэлд суурилсан хяналт, шалгалт, макро зохистой бодлогын арга хэрэгслийг нэвтрүүлж, хяналт шалгалтын үр нөлөө сайжирсан билээ.

Банкны салбарын хууль эрх зүйн орчин сайжирч, банканд тавигдах хяналт, шалгалтын үйл ажиллагаа олон улсын жишиг стандартад нийцтэй байсан хэдий ч зарим банк төлбөрийн чадваргүй болж, татан буугдсан нь ихэнх тохиолдолд банканд зохистой засаглал алдагдсантай холбоотой байсан. Эдгээр үйл явдал, сургамж нь банкны салбарт дараагийн шинэчлэлийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, Монголбанкнаас банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах үндсэн зорилго бүхий Банкны салбарын дунд хугацааны шинэтгэлийн хөтөлбөрийг 2020 оноос хэрэгжүүлж, арилжааны банкуудыг хувьцаат компанийн хэлбэрээр өөрчлөгдөн байгуулагдах, хувь эзэмшлийн төвлөрлөө бууруулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Энэхүү хууль, эрх зүйн өөрчлөлтийг банкны салбарт хийсэн хоёр дахь “хувьсгал” гэж нэрлэж болох бөгөөд хөтөлбөрийн үр дүнд Монголын банк, санхүүгийн системд үйл ажиллагаагаа явуулж буй арилжааны бүх банк хөрөнгийн зах зээлд хувьцаагаа олон нийтэд нээлттэй гаргаж, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Системийн хэмжээнд нөлөө бүхий Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани болох үйл ажиллагааг өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү шинэчлэл нь Монгол Улсын банк санхүүгийн салбарын урт хугацааны тогтвортой байдалд төдийгүй хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц болох эдийн засаг, нийгмийн хөгжлийг түүчээлэхэд томоохон чухал үйл явдал болсон.

-Дэлхийн улс орнуудын Төв банк тухайн улсынхаа банкны секторыг тодорхойлох нь бий. Манай Төв банкны хувьд ч нэлээд өндөр боловсролтой, гадаад, дотоодод их дээд сургууль төгссөн хүний нөөц ажилладаг. Хүний нөөцийн цаашдын чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?

-Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч, Төв банкны хувьд Монголбанкны хүний нөөцийн үйл ажиллагааг дэлхий нийтийн тэр дундаа, бусад Төв банкны хүний нөөцийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд Монголбанк хүний нөөцийн төлөвлөлтийг байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн үр ашигтай байдлаар зохион байгуулж, банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх тал дээр түлхүү анхаарсан. Хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийхдээ Монгол Улсын төдийгүй, олон улсын нэр хүндтэй их сургууль төгссөн ажил горилогчдоос сонгон шалгаруулалт хийж, шинээр орсон ажилтнуудыг олон улсын нэр хүндтэй сургуулиудад магистр докторын түвшний сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлдэг. Ажилтнуудыг бусад орны Төв банк болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын гадаад сургалтад хамруулах зэрэг давтан сургах, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэхэд байнга анхаарч, мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх бодлого баримталж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж ирсэн.

Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшиж ирсэн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, сурсан мэдлэгийг бусдад түгээх, газар нэгжүүдэд шилжүүлэн, сэлгэн ажиллуулж мэргэжлийн практик ур чадварыг эзэмшүүлэх чиглэлээр системтэй бодлого хэрэгжүүлж ирснээр өнөөдөр Төв банканд олон улсын түвшинд бэлтгэгдсэн мэргэшсэн чадварлаг ажилтнууд ажиллаж байна. Монголбанкны нийт ажилтнуудын ажилласан дундаж хугацаа нь 25 орчим жил байгаа нь сурч боловсорч, туршлага хуримтлуулсан ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж ирсний тод илрэл юм. Өндөр ур чадвар эзэмшсэн албан хаагчид маань олон улсын нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудаас ажлын санал хүлээн авдаг бөгөөд Монголбанкны хувьд ч шилжин ажиллах боломжийг нээлттэй олгодог. Жишээ нь, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Шинэ Зеландын Төв банк, нэр хүндтэй их, дээд сургуулиуд болон Амазон, Рио Тинто зэрэг дэлхийн томоохон компаниудад шилжин ажиллаж байна.

Цаашид байгууллагын ажилчдын ирээдүйн хэрэгцээг тодорхойлж, түүнд нийцтэй хөтөлбөрүүдийн хүрээнд Монголбанкнаас бодлогын болон Төв банкны уламжлалт арга, хэрэгслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна олон улсын сайн туршлага, нийтлэг жишгээр Монголбанкны үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтцийг төлөвлөн, цогц байдлаар үйл ажиллагааны хөтөлбөр батлан хэрэгжүүлж, дижитал хувиргалт болон хиймэл оюун ухааны дэвшлийг ашиглан хүний нөөцийн сүүлийн үеийн өөрчлөлтүүдийг нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

-Монголбанкны орон нутгийн салбар, хэлтсүүд хөдөөгийн хөгжилд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ. Цаашид хэрхэн өөрчлөлт гарах вэ?

-Монголбанкны орон нутгийн салбар, хэлтсүүд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг сурталчлан таниулж, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх, гүйлгээнд мөнгө гаргах эмиссийн үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. Арилжааны банкны эрсдэлийг илрүүлж, засах бололцоог олгож, зөвлөж ажиллаж байгаа нь орон нутгийн салбар, хэлтсүүдийн онцлог, ач холбогдол юм. Орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, аж ахуйг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд арилжааны банкуудад мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, бууруулахад анхаарч ажиллаж байна.

Сүүлийн жишээг дурдахад, орон сууцны ипотекийн хөтөлбөрт хамрагдсан нийт зээлдэгчийн 25 орчим хувь буюу 26.0 мянга гаруй өрх орон нутагт орон сууц худалдан авч амьдарч байна. Монголбанкны зүгээс орон нутагт олгох зээлийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутаг болон Улаанбаатар хотод тэгш хүртээмжтэй зээл олгох арга хэмжээг өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд энэ онд олгосон нийт зээлийн 50 орчим хувь буюу 3000 өрхийн 303.2 тэрбум төгрөгийн зээл орон нутагт олгосон. Үүнээс 58 орчим хувь буюу 1700 өрхийн 175.8 тэрбум төгрөгийн зээл нь 3 хувийн хүүгийн хөнгөлөлттэй зээл байна. УИХ-аас 2024 оны дөрөвдүгээр сард баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Монголбанк ХХААХҮЯ, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан болон арилжааны банкуудтай хамтран ажиллаж, хуульд заасан хоршооны гишүүн малчдын зээлийн санхүүжилтийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш сар гаруйн хугацаанд зээл олгох үйл явц эрчимжиж, одоогоор 1326 хоршооны 4538 малчинд нийт 160.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоод байна.

-Өнгөрсөн зууныг Монголбанкны бодлого, үйл ажиллагаа, аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал баттай бэхжсэн 100 жил гэж дүгнэж болох уу?

-Түүхэн 100 жилийн хугацаанд Монгол Улсад Монголбанкны үйл ажиллагаа, банкны тогтолцоо батжин бэхжиж чадсан. Монголбанк нь нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилтэй уялдан үйл ажиллагаагаа шинэчлэхийн зэрэгцээ хөгжлийг түүчээлэгч нэг тулгуур болдог. Энэ бол тасралтгүй үргэлжлэх процесс. Монголбанк өнөөдөр бодлого, үйл ажиллагааны хувьд орчин үеийн дэлхийн Төв банкуудын сайн туршлага, шинжлэх ухааны ололтыг өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулж, тэдэнтэй мөр зэрэгцэн хөгжиж буй институт болж хөгжөөд байна. Анх Монголбанк байгуулагдахдаа мөнгөн гүйлгээний эмх замбараагүй байдлыг цэгцлэх, гадаадын мөнгө хүүлэгчдээс ангижрах, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэхийг зорьж байсан бол өнөөдөр үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, түүнд шаардлагатай дэд бүтэц, хэрэгслүүдийг нэвтрүүлэх түвшинд хүрээд байна.

Төв банкны бодлого, үйл ажиллагааны эрх зүйн орчныг нийгэм, эдийн засгийн хөгжлийн шаардлагаар өөрчилж, улмаар санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, бодлогын хэрэгслүүдийг нэвтрүүлэх үйл ажиллагаа тасралтгүй хийгдсээр байна. Эдгээр нь Төв банкны бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалж, бэхжүүлэхэд чиглэж байна.

-Монголын банк, санхүүгийн сектор технологийн хөгжлийн хувьд дэлхийд дээгүүр бичигддэг. Одоо дэлхий даяар бүхий л салбарын хөгжлийн чиг хандлагыг хиймэл оюун ухаан тодорхойлж байна. Тэгвэл хиймэл оюуны чиглэлээр Монголын банкуудын чиг хандлага ямар байгаа вэ?

-Банк, санхүүгийн салбар нь харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчин үеийн цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ирсэн. Өнөөдөр төлбөр тооцооны тал дээр бүрэн цахимжсан салбар болсон. Ковид-19 цар тахлын хөл хорионы үед ч төлбөр тооцоо тасралтгүй явж ирсэн нь үүний нэг нотолгоо байв. Эдгээр үндсэн зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд интернэт, мобайл банк, QR код, аппликейшн зэрэг сувгийг ашиглан гүйцэтгэж хэвшээд байна.

Монголбанк олон улсын жишигт нийцсэн стандарт, шийдэл бүхий Банксүлжээ, Автомат клиринг хаус систем, Төлбөрийн картын клирингийн систем, Төв банкны арилжааны нэгдсэн систем, олон улсын TIER II түвшинд магадлан итгэмжлэгдсэн дата төв, Токен баталгаажуулах систем зэргийг амжилттай нэвтрүүлсэн. Өнгөрсөн оны зургадугаар сард Монголбанк “Central Banking” институтээс шалгаруулсан “Fintech RegTech Global Awards”- ын “The Pioneer Award” буюу “ТҮҮЧЭЭЛЭГЧ” шагналын эзнээр тодорсон. Энэ шагналыг өмнө нь Их Британийн Санхүүгийн зохицуулах хороо 2022 онд, Тайландын Төв банк 2021 онд, Францын Төв банк 2019 онд, Канадын Төв банк 2018 онд тус тус хүртэж байсан. Монголбанк 2016 оноос эхлэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэн төлбөрийн системтэй холбоотой дэд бүтэц, хууль, эрх зүйн орчин, тоног төхөөрөмж, программ хангамж гэсэн үндсэн чиглэлээр хийж гүйцэтгээд байна. Их өгөгдлийн системийн суурилуулалт, хөгжүүлэлтийг үндэсний компани болох “Novel-soft”-тай хамтран гүйцэтгэсэн бөгөөд банкуудаас тоон мэдээлэл, тайланг нэгдсэн хэлбэрээр өндөр давтамжтай цуглуулах системийг суурилуулсан нь дэлхийн Төв банкуудад жишиг болохуйц ажил болсон тул уг шагналыг олгосон байдаг.

Цаашид хиймэл оюун ухаанд суурилан, санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай их хэмжээний мэдээлэлд бодит цагийн горимд дүн шинжилгээ хийж, үүсэж болох эрсдэлийг тооцож, эдийн засагт сөрөг нөлөөгүй, оновчтой шийдлээр тохирсон арга хэмжээг урьдчилан авах боломж бий болно үзэж байгаа. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар санхүүгийн бүх тайлан, мэдээ, статистикийг боловсруулж, цахимаар авах, бүрэн автоматжсан системийг хөгжүүлж, туршилтыг эхлүүлсэн. Энэ системийн үр дүнд тайлан, мэдээг цаг хугацааны хувьд маш бага хоцрогдолтойгоор гаргах боломж бүрдэнэ.

-Монголбанк өнгөрсөн нэгэн зууныг үдэж, шинэ зууны эхлэлийг тавьж байна. Шинэ зууны эхлэл дээр ямар ажилд төвлөрч байна вэ?

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд “Гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, банкны салбарын тогтвортой өсөлтийг хангана” хэмээн тусгасан байгаа. Гадаадын банк, санхүүгийн байгууллага дотоод зах зээлд нэвтэрч үйл ажиллагаа эрхлэх нь гадаад санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрийг өсгөх, банк, санхүүгийн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлж, санхүүгийн дэд бүтцийг сайжруулах зэрэг эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой. Тиймээс Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль, дагалдах журмуудын төслийг боловсруулж, батлаад байна. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид том төслүүдийг санхүүжүүлэх, банкны салбар, нэгж байгуулах боломж илүү нээлттэй болж байна. Монголбанк гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоод зах зээлд нээн ажиллуулах орчныг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгааг онцлон хэлье.

Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх шинэ стратегийг 2024 оноос хэрэгжүүлж байна. Иргэдийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх анхан шатны ойлголт сайжирч буй хэдий ч инфляц, хүү, санхүүгийн эрсдэл зэрэг эдийн засаг, санхүүгийн мэдлэг сул байна. Иймд Монголбанкнаас эдийн засаг, санхүүгийн суурь ойлголтыг өгөхийн хажуугаар хувь хүн, өрхийн санхүүд үүсэж болох эрсдэл, анхаарах асуудлын талаар мэдлэг, мэдээллийг давхар олгож байна. Тухайлбал, санхүүгийн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд анхаарч, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

/Эх сурвалж: "Mongolian Economy" сэтгүүл/