A-
A
A+

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголбанкийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2024-07-05 12:04 | Мэдээ

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож, олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдсаар байна. Өнөөдөр ойн баярын хурал болж банкны салбарын түүхэн замнал болоод өнөөгийн хүрсэн амжилт, дэвшил, ирээдүйд зорьж буй зорилтоо дүгнэн хэлэлцэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан банкируудаа тодруулж, салбарын болоод төрийн өндөр дээд одон медалиар шагналаа.

Ойн баярын хурлыг Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай сонордуулав. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоот зарлигаар Монголбанкийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан болохыг сонордуулж, зарлигийг уншиж, шагналыг гардуулав.

1924 оны зургаадугаар сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банк анхлан байгуулагдсан түүхтэй. Анх нээгдэхдээ 260 мянган янчааны хөрөнгөтэй, 22 орон тоотой, үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, монгол ажилчин дөрөв байжээ. Улмаар 1920-иод онд мөнгөний шинэчлэлт хийж, Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлж, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулж, ардын аж ахуйтанд зээл олгож байсан нь Монголбанкны үндсэн үйл ажиллагааны эхлэл болжээ. Тэр үед Монголбанкны бүх ажилчдын 20 хүрэхгүй хувийг Монголчууд бүрдүүлж байсан тоо баримт бий. Энэ цагаас Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэн гэж үздэг билээ.