A-
A
A+

Хөгжлийн санхүүжилтийн форумд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үг

2024-05-07 11:34 | Ярилцлага

2024 оны 4 дүгээр сарын 24

АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Олон улсын санхүүгийн аюулгүй байдлын сүлжээн дэх системийн асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий “Хөгжлийн санхүүжилтийн форум”-д Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үг

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хамтран ажиллагсад, хэлэлцүүлэгт оролцогчид оо!

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Олон улсын санхүүгийн аюулгүй байдлын сүлжээн дэх системийн асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий бодлогын энэхүү чухал хэлэлцүүлэгт оролцож, өөрийн орны алсын хараа, хэтийн төлөвийн талаар та бүхэнтэй байр сууриа хуваалцаж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.

Сүүлийн 4 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг олон сорилт бэрхшээлтэй тулгарч, тэдгээрийн үр дагаврын гэрч болсон. Эдгээр сорилтууд, ялангуяа эдийн засагт урьд өмнө нь тохиож байгаагүй тодорхой бус байдлын үед Олон улсын санхүүгийн аюулгүй байдлын хүртээмжтэй сүлжээний хэрэгцээ ба ач холбогдол ямар чухал болохыг бидэнд дахин санууллаа.

Өнөөдөр би та бүхэнд жижиг, нээлттэй эдийн засагтай, далайд гарцгүй бөгөөд дунджаас доош орлоготой дэлхийн 54 орны төлөөлөл болсон Зүүн Азийн орон болох Монгол Улсын туршлагаас хуваалцахыг хүслээ.

2020 онд манай эдийн засаг цар тахлын хязгаарлалтаас шалтгаалан 4.6 хувиар агшиж, 2022 онд нийлүүлэлтийн сүлжээний доголдолтой холбоотойгоор инфляц 17 хувьд хүрсэн.

Геополитикийн хурцадмал байдал нь импортын зайлшгүй төлбөрүүдийг шийдвэрлэхэд хүндрэл учруулснаас гадна өндөр хөгжилтэй орнуудын бодлогын хүүгийн өсөлт нь валютын ханшийн хэлбэлзлийг өдөөж, гадаад зээлийн өртгийг нэмэгдүүлэн дотоодын санхүүгийн салбарт сөрөг нөлөөг үзүүлсэн.

Түүнчлэн, санхүүгийн салбарт үүссэн тодорхой бус байдал нь бүхэлдээ гадаад шокын дотоод эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг нэмэгдүүлсэн билээ.

Төв банкны валютын захад оролцох оролцоо нь зөвхөн зайлшгүй шаардлагатай импортын төлбөрийг хангахад чиглэгдэж байв. Гэсэн хэдий ч, санхүүгийн аюулгүй байдлыг хангах гол хэрэгсэл болох гадаад валютын албан нөөц 2022 оны 8 дугаар сар гэхэд бараг хоёр дахин багассан.

Хэдийгээр олон сорилт бэрхшээл тулгарсан ч олон талт болон хоёр талт хамтын ажиллагаа, дотооддоо авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд эдийн засаг цар тахлын улмаас үүссэн зогсонги байдлаас аажмаар сэргэж, 2023 онд 7 хувиар өслөө. Энэхүү боломжийг ашиглан бид валютын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч, 2023 оны эцэс гэхэд гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч, гадаад сөрөг шокоос хамгаалах нөөц санг бүрдүүллээ.

Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв нь гадаад эдийн засгийн орчин, цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн хамаарах тул эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

Үргэлжлүүлээд, Олон улсын санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг бэхжүүлэхэд дэмжлэг болох дараах гурван асуудлыг онцлон хэлмээр байна.

Эхний алхам нь хөгжиж буй эдийн засагтай орнуудыг хамарсан олон талт валютын своп хэлцлийн тогтолцоог бий болгох явдал юм.

Төв банкны своп хэлцэл нь хямралын менежментийн хамгийн үр дүнтэй хэрэгсэл болох нь олон жилийн туршид нотлогдсон байдаг. Тус хэрэгсэл нь харьцангуй бага зардлаар хөрвөх чадварыг хангаад зогсохгүй, зах зээлийн тогтворгүй байдал нэмэгдсэн үед зах зээлд бий болсон айдсыг намжаахад тусалдаг. Гэсэн хэдий ч, ихэнх своп хэлцэл нь хөгжингүй эдийн засагтай орнуудын хооронд хийгдэж байгаа нь "бага, дунд" орлоготой орнуудын хувьд тус хэлцэлд нэвтрэх боломжийг хязгаарлаж байна.

Хоёр талт түвшинд Монголбанк нь Хятадын Ардын банктай үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийг байгуулсан болно.

Гэхдээ энэ чиглэлийн олон талт хамтын ажиллагаа, санаачилга зэрэг нь дэлхийн түвшинд хоцрогдсон хэвээр байгаа бөгөөд манай улс шиг жижиг орнуудыг хамруулсан иж бүрэн тогтолцоог бий болгох нь хөрвөх чадварыг нэмэгдүүлж, Олон улсын худалдааг хөнгөвчлөх замаар эдийн засагт эерэг нөлөөг бий болгоно гэж үзэж байна.

Хоёрдугаарт, олон талт санхүүжилтийн тооцоололд уур амьсгалын өөрчлөлт зэрэгтэй холбоотой эмзэг байдлын асуудлуудыг тусгаж, "Олон улсын санхүүгийн аюулгүй байдлын сүлжээ"-ний практик туршлагыг дахин нэг харах шаардлагатай байна.

Ихэнх тохиолдолд гадаад шоконд өртөмтгий эдийн засагтай орнуудын хувьд нөөц нэн шаардлагатай байдаг. Гэтэл зээлжих тусгай эрх (SDR)-ийн хуваарилалт болон бусад олон талт санхүүжилтийн тогтолцоо нь ихэвчлэн санхүүжилт хүлээн авагч орны орлогын түвшин, бодлогын чадавх, институцийн тогтолцоо зэрэгт тулгуурладаг. Энэ нь “бага, дунд” орлоготой орнуудын хувьд Олон улсын санхүүгийн аюулгүй байдлын сүлжээнд нэвтрэхэд тэгш бус, хязгаарлагдмал байдлыг бий болгож байна.

Иймээс санхүүжилтийн тооцоололд эмзэг байдлын хэмжүүрийг нэмж оруулах нь эрсдэл өндөртэй эдийн засагтай орнуудын хэрэгцээ, шаардлагыг илүү сайн шийдэж чадахаар байна. Нэмж хэлэхэд, ийм төрлийн хэмжүүрт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар хэлэлцэх нь үйл явцыг илүү тодорхой, ил тод, шуурхай болгоно гэж үзэж байна.

Гуравдугаарт, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн санхүүгийн орчинд дасан зохицох чадварыг сайжруулж, дотоодын санхүүгийн салбар дахь санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг бэхжүүлэх явдал юм.

Монгол Улсын хувьд санхүүгийн салбарын нийт активын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалыг сайжруулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна.

Нэгдүгээрт, Базелын хорооноос гаргасан стандартын дагуу банкны хяналт шалгалтын тогтолцоог улам сайжруулж, банкны аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар банкнуудын эрсдэлийн удирдлага, засаглалын тогтолцоог сайжруулах зорилгоор Базелийн стандартын Бүлэг 2-ын шаардлагуудыг үе шаттайгаар нэвтрүүлж байна.

Түүнчлэн, бид банкны салбарын ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг сайжруулах зорилгоор 3 жилийн шинэтгэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Энэ хүрээнд Монгол Улсын банкны салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад олон боломжийг нээлээ. Энэ нь зөвхөн банкны салбарт гадаадын санхүүжилтийг татахаар хязгаарлагдах бус гадаадын хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах замаар санхүүгийн салбарын зохистой засаглалыг сайжруулах зорилготой юм.

Үүгээр миний илтгэл өндөрлөж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид болон энэ арга хэмжээнд үнэтэй хувь нэмрээ оруулж буй оролцогчдод чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.

Баярлалаа.