A-
A
A+

“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээ Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байна

2024-04-24 10:00 | Мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ, Сангийн яамны удирдлагууд, Монголын банк, санхүүгийн салбарын төлөөллүүд АНУ-ын Нью-Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” нэгдсэн арга хэмжээнд оролцож байна. Энэ сарын 22-ны өдрөөс эхэлсэн арга хэмжээний эхний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус биржийн дэд ерөнхийлөгч, Олон улс хариуцсан зөвлөх газрын тэргүүн Крис Тэйлор болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, Монголын компаниуд, тэр дундаа банкнууд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гарах боломжийн талаар санал солилцов. 

Арга хэмжээний хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо “Монголын банкны форум” зохион байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд болон арилжааны банкнуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Монголбанк, СЗХ болон Монголын банкны холбооны удирдлагууд Монголын банкны салбарын томоохон банкнууд дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон нь чухал алхам болсон бөгөөд тус салбарын хөрөнгө оруулалтын өгөөж 19.4 хувь байгаа нь Төв Азийн орнууд дундаа харьцангуй өндөрт тооцогдох үзүүлэлт гэдгийг онцлов.

Форумд гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагч, шинжээч оролцсоны дотор BNP Paribas, JP Morgan, Morgan Stanley, Standard Chartered Banks, Moody’s Rating Agency, Fitch Rating Agency зэрэг АНУ-д төвтэй томоохон банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд багтсан. “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” болон “Монголын банкны форум” үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын харилцаа, судалгааны чиглэлээр Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “Capital Market Mongolia” компани Монголбанктай хамтран анх удаа зохион байгуулснаараа онцлог байв.