Мөнгөний бодлогын мэдэгдлийг танилцуулах хэвлэлийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үг
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 3 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд хуралдлаа. Тус хурлын шийдвэрийг та бүхэнд танилцуулъя. Энэ удаагийн хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12 хувьд хүргэх, малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах шийдвэрийг тус тус гаргалаа.
Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг харгалзан үзлээ. Үүнд:
Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарч, ирэх оноос алгуур сэргэх хүлээлт хэвээр байна. Тухайлбал,
- Геополитикийн хурцадмал байдал үргэлжлэхийн зэрэгцээ дэлхийн томоохон төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр энэ онд глобал өсөлт саарч, харин ирэх жилээс эргэн өсөх хүлээлттэй байна.
- Түүнчлэн, БНХАУ-ын эдийн засгийн төлөвийн талаарх шинжээчдийн хүлээлт сайн биш байгаа нь эрдэс бүтээгдэхүүний үнийн төлөвт сөрөг хүлээлтийг үүсгэж байна.
Дотоод эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, бодит эдийн засаг 2023 онд 7.0 хувиар өслөө.
- Тэр дундаа, хөдөө аж ахуйн салбарыг хасаж тооцвол бусад салбаруудын нийлбэр өсөлт 9.8 хувьтай байлаа.
- Үүн дотроо, нүүрсний экспорт 67 сая тоннд хүрч, уул уурхай, түүнийг дагасан тээврийн салбарын үйлдвэрлэл эрчимжсэн нь өсөлтийн дийлэнх хувийг бүрдүүлэв.
- Цалин, тэтгэвэр өсөж, дотоод эрэлт нэмэгдсэнээр худалдаа, үйлчилгээ, мэдээлэл холбоо, бүтээгдэхүүний цэвэр татварын орлого мөн сайжирлаа.
Монголбанкны үндсэн зорилт болох инфляцын буурах хандлага үргэлжилж, 2024 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 7.0 хувь, Улаанбаатар хотод 7.2 хувьтай гарлаа.
- Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хагас жилийн хугацаанд чангарч, гадаад худалдааны түнш орнуудын инфляц буурсан нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулав.
- Түүнчлэн, 2022 оны сүүлийн саруудад өндөр өсөлттэй байсан гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ тогтворжих хандлагатай байгаа боловч, нийт инфляцын 1.1 нэгж хувийг бүрдүүлсэн хэвээр байна.
- Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, тээвэр, гадаад үнийн дарамтууд багасаж, инфляцын төсөөлөл өмнөхөөс буурлаа. Инфляц энэ онд Төв банкны зорилтын дээд интервалын орчимд байж, 2026 оны сүүлийн хагасаас зорилтын голч руу буурах суурь төсөөлөлтэй байна.
- Гэхдээ цалин, тэтгэврийн өсөлт, ногдол ашиг олгох, зудын нөхцөл байдал хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргээд өсөх эрсдэл байгааг дурьдах нь зүйтэй.
Гадаад бондын өндөр дүнтэй төлбөрүүд хийгдсэн хэдий ч, мөнгөний хатуу бодлогыг тууштай хэрэгжүүлж, экспортын өсөлт өндөр байгаа зэрэг нь валютын цэвэр орох урсгалыг дэмжиж байна.
- Үүний үр дүнд гадаад валютын албан нөөц 2 дугаар сарын сүүлийн байдлаар 5.0 тэрбум ам.долларт хүрлээ.
- Гэхдээ сүүлийн саруудад хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт эрчимжиж байгаа нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Энэ онд төсвийн зардлын өсөлтөөс гадна хэрэглээний зээлийн өндөр өсөлттэй холбоотойгоор импортын эрэлт нэмэгдэх нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөхөөр байна.
- Дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн цаашдын хандлага ч бас төлбөрийн тэнцэлд нөлөөлнө.
Гадаад эрэлт өндөр хэвээр байж, уул уурхай болон түүнээс хамааралтай салбаруудын өсөлт хадгалагдахаар байгаа хэдий ч, зудын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын уналт энэ онд үргэлжилж, эдийн засгийн өсөлтийн төлөв муудах хүлээлттэй байна. Суурь төсөөллөөр 2024 онд эдийн засгийн өсөлт 4 хувиас бага гарч болзошгүй. Гэхдээ хөдөө аж ахуйн салбараас бусад салбарын өсөлт 6.0 хувьд хүрэхээр байна.
Инфляц ийнхүү буурч, зорилтын интервалд тогтворжихоор байгаа орчинд мөнгөний бодлогын төлөв удаан хугацаанд хатуу хэвээр хадгалагдах нь эх үүсвэрийн хүү, зээлийн нийлүүлэлтээр дамжин хувийн хөрөнгө оруулалтыг сааруулах, дунд хугацааны эдийн засаг, бизнесийн идэвхжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Түүнчлэн, зудын нөхцлөөс шалтгаалан малчдын зээлийн эргэн төлөлт доголдож, төлбөрийн чадварын хүндрэлд орох эрсдэл үүсэж болзошгүй байна.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах, малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.
Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа!