Банк, санхүүгийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Баянхонгор аймагт зохион байгуулагдав
Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар, Монголын хөрөнгийн бирж, Зээлийн батлан даалтын сан, аймгийн Прокурорын газар, үнэт цаасны “Ди Си Эф” ХХК хамтран аймгийн иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хүүхэд залууст банк санхүү, даатгал, батлан даалт, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн талаар нэгдсэн мэдээлэл өгөх нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас хөдөөгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн жилийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах батламжийг аймгийн Монголбанкны салбар, Зээлийн батлан даалтын сан болон "Төрийн банк" ХК-аас иргэн Д.Нандинцэцэгт гардуулан өгөв. Ингэснээр тэрбээр тус аймагт жилийн 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийг авсан анхны харилцагч боллоо.
Мөн энэ хүрээнд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон 16-аас дээш насны 9 сурагчид “ДиСиЭф” ҮЦК-ийн зүгээс хувьцааны багц бэлэглэж, ирээдүйн үнэ цэнтэй хувьцааны хөрөнгө оруулагч болохыг хүсэн ерөөв.
Хэлэлцүүлэгт тус аймгийн 300 гаруй иргэд, оюутан залуус идэвхтэй хамрагдаж өөрсдийн санал хүсэлт илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.