“Архангайн ирээдүйн санхүүчид” эдийн засгийн анхдугаар олимпиад боллоо
Архангай аймаг дахь Монголбанкны салбараас “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн тэргүүлэх 4 чиглэлийн нэг болох “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох” чиглэлийн хүрээнд Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 5 сургуультай 2022-2023 оны хичээлийн жилд хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан.
Энэ санамж бичгийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, хувь хүний санхүүтэй холбоотой зөв дадлыг хэвшүүлэх, санхүүгийн боловсрол олгох зорилгоор ахлах ангийн давхардсан тоогоор 2,580 сурагчид 2023 оны 1, 2 дугаар улиралд “Мөнгөө хэрхэн удирдах вэ?”, “Өрхийн төсөв”, “Банк, санхүүгийн байгууллага”, “Хуримтлал ба хадгаламж”, “Зээл”, “Бүтээгдэхүүний үнийн өсөлт ба валютын ханш”, “Хөрөнгө оруулалт, мөнгөө өсгөх арга”, “Эрсдэл” зэрэг 86 цагийн 8 хичээлийг орсон.
Дээрх 8 хичээлийн үр дүнг бататгах зорилгоор Архангай аймаг дахь Монголбанкны салбараас санаачлан Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран Архангай аймгийн Ерөнхий боловсролын 5 сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Архангайн ирээдүйн санхүүчид-2023” эдийн засгийн анхдугаар олимпиадын амжилттай зохион байгууллаа.
Эдийн засгийн олимпиадыг анх удаа зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд уг олимпиадад аймгийн төвийн 5 сургуулийн ахлах ангийн 230 сурагч оролцсоноос:
“Тэргүүн” байранд - Лаборатори 1 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Хулан,
“Дэд” байранд - Лаборатори 1 дүгээр сургуулийн 10г ангийн сурагч Н.Хонгорзул, 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Ундрал,
“Гутгаар” байранд Лаборатори 1 дүгээр сургуулийн 11е ангийн сурагч Р.Баасанхүү, 5 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Г.Намуунзул, 2 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Э.Амармэнд, “Тусгай” байранд Лаборатори 1 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Л.Энхзаяа, 11а ангийн сурагч Д.Батцэцэг, 10д ангийн сурагч Э.Мөнхчимэг, 2 дугаар сургуулийн 10г ангийн сурагч Ц.Анударь, 10а ангийн сурагч Б.Саруул нар шалгарлаа.
Шалгарсан сурагчдыг Хадгаламжийн эрхийн бичиг, хуримтлалын билэг тэмдэг болох тэмээгээр дүрслэгдсэн хуримтлалын сав, гарын бэлгээр шагнаж урамшуулав.