A-
A
A+

1. Төв банкны зорилго ба хариуцлага

Төв банкны зорилго нь тогтвортой бага инфляц бөгөөд мөнгөний бодлогын хэрэгслүүдээ энэхүү зорилгод нийцүүлэн хараат бус байдлаар тодорхойлж байх шаардлагатай. Үндсэн зорилгоос бусад зүйлсийн талаар давхар амлалт, үүрэг хүлээхгүй байх нь чухал. Монголбанкны тухай хуулинд үнийн тогтвортой байдлыг анхдагч зорилго хэмээн тов тодорхой заасан зүйл анги байхгүй бөгөөд Монголбанкны үйл ажиллагааг бүрэн хараат бус гэж тодорхойлох боломж алга байна. Төв банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлд "Монголбанкны үндсэн зорилтыг үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" хэмээн заажээ. Гэтэл төгрөгийн гадаад, дотоод тогтвортой байдлын чухам аль нь тодорхойлогдож байгаа нь бүрхэг байгаа бөгөөд гадаад тогтвортой байдалд төгрөгийн бусад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг, харин дотоод тогтвортой байдалд үнийн тогтвортой байдлыг ойлгодог байна. Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогод шилжих аваас Төв банкны үндсэн зорилгыг үнийн тогтвортой байдал хэмээн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай болно.

Төв банкны хуулиар Монголбанкны үйл ажиллагааг хараат бус байхаар заасан ба төв банкны бие даасан байдал нь төсвийн болон улс төрийн дарамтаас ангид байх ёстой. Өөрөөр хэлбэл Төв банкны эдийн засгийн (зорилгын) болон улс төрийн (үйл ажиллагааны) бие даасан байдал хуулиар баталгаажсан байх учиртай. Төв банк үндсэн зорилго болон түүнд хүрэх бодлогоо бие даан тодорхойлж байгаа эсэх нь үүний шалгуур болно. Харамсалтай нь мөнгөний бодлого, түүний эцсийн зорилгын талаар ойлголт мэдлэг дутмаг байгаагаас мөнгөний бодлогод хамаарахгүй үйл ажиллагааг Төв банкинд хариуцуулах оролдлого гарсаар байна. Энэ нь бодлого болон хэрэгслээ бие дааж томъёолох, хэрэгжүүлэх нөхцлийг алдагдуулах уршигтай. Бодлогын хэрэгслээ бие дааж сонгохгүйгээр Монголбанк улс төрийн болон төсвийн дарамтаас ангижрахгүй билээ.

Мөнгөний бодлогын хэрэгжилт нь чамгүй хугацаа шаарддаг тул олон нийтэд бодлогын явц, үр дүнг тогтмол тайлбарлан таниулах шаардлагатай. Төв банк юу хийж байгаагаа, ямар шийдвэрийг юуны учир гаргасан, бодлогын боломжит хувилбарууд дотроос чухам алийг нь ямар үндэслэлээр сонгосон, энэ нь инфляцын зорьсон түвшинд хүрэх зорилттой хэрхэн холбогдож байгаа талаар нээлттэй тайлагнадаг байх ёстой. Санхүүгийн зах зээлд оролцогсдын зүгээс Монголбанкны зорилго, хэрэгжүүлж буй мөнгөний бодлогыг зарим тохиолдолд ойлгохгүй байх хандлага ажиглагдаж байна. Иймээс Монголбанк нийгмийг бүхэлд нь хамарсан хэлэлцүүлгийг мөнгөний бодлогын сэдвээр өрнүүлж байх нь зүйтэй.

Инфляцыг онилох мөнгөний бодлогын угтвар нөхцлүүд бүрэлдэж эхэлмэгц Монголбанк бодлогын шинэ хэлбэрийг санхүүгийн салбарын төлөөлөгчдөд сурталчлан таниулснаар Монголбанкнаас явуулж буй мөнгөний бодлого тэдэнд ойлгомжтой, тодорхой болох юм. Ихэнхи Төв банкууд инфляцыг онилох бодлогын онцлог талуудыг цаг хугацааны хүчин зүйлтэй зөв уялдуулан олон нийтэд тайлбарлаж инфляцын зорьж буй түвшнээ зарлаж байсан нь инфляцын хүлээлтийг бууруулж Төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлж байжээ. Олон нийттэй харилцах харилцаа нь мөнгөний бодлогын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэн улс төрийн дарамтыг бууруулна.