Э.Анар: E-Mongolia цахим порталаар төрийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд Засгийн газар, Монголбанк хамтарна
Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Монголбанк болон ХХМТГ хамран ажиллах талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа.
Төлбөрийн системийг хөгжүүлэх талаар Монголбанкнаас хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулна уу.
Монголбанкны үндсэн үйл ажиллагааны нэг чухал хэсэг бол үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг юм. Тиймээс шинэ тутамд хөгжиж буй технологийн хөгжлийг дэмжих үүднээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс өгсүүлэн орчин үеийн дэвшилтэд системийн шинэчлэлүүдэд зорьж байна. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчноо бүрдүүлж, "Үндэсний төлбөрийн системийн тухай хууль"-ийг батлуулан, 2018 оноос мөрдөн ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд төлбөрийн системийг хөгжүүлэх ажлын хүрээнд төлбөрийн системийн дэд бүтцийг бүрэн шинэчлэн бэхжүүлж, дансны нэгдсэн сан, багц гүйлгээ, хөрөнгийн нөөцийн удирдлага, байгууллагуудын гарц бүхий бага дүнтэй гүйлгээний ACH систем болон төлбөрийн системийн оролцогчдыг таних, нууцлал аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий тоон гарын үсгийн системийг нэвтрүүлээд байна.
Цаашилбал, Монголбанк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Төлбөрийн картын системийг энэ ондоо багтаан бүрэн нэвтрүүлэх, мөн үндэсний төлбөрийн "EMV chip" стандарт бүхий "₮" картыг ойрын хугацаанд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлын хүрээнд Монголбанкнаас хийгдэж буй ажлын талаар танилцуулна уу.
Саяхныг хүртэл иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, тухайлбал, лавлагаа, тодорхойлолт, хүсэлт, өргөдөл зэрэг бүхий л бичиг баримтын бүрдүүлэлтийн явц олон шат дамжлагаар дамждаг төдийгүй тэр бүх үйлчилгээний төлбөр тооцоог хийхийн тулд банканд дугаарлах, мөн өндөр шимтгэл төлөх зэрэг хүндрэлүүд байсаар ирсэн. Энэ нь иргэд болоод төрийн байгуулладаа цаг хугацааны хувьд ч хохиролтой, үргүй зардлууд үүсгэж ихээхэн гомдол, бухимдлыг дагуулдаг шүү дээ. Хэдийгээр төрийн зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн ч түүний төлбөр гүйцэтгэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж чадахгүй байсан нь төрийн үйлчилгээний бүрэн цахимжих боломжийг хязгаарлаж байсан юм.
Тухайн нөхцөл байдлыг өөрчилж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог түргэн шуурхай хүргэх, зардал чирэгдлийг арилгах үүднээс Монголбанк нь Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг 2016 оноос эхлүүлж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, тодорхой зохицуулалтыг бий болгон, өөрийн системд програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог гүйцэтгэх дэд бүтцийг бий болгож чадсан. Ингэснээр Монголбанк нь Сангийн Яамны Төрийн сангийн газрын нэрийн өмнөөс иргэдийн төрийн үйлчилгээний төлбөрийг өөрийн картын системээр дамжуулан хүлээн авч, төрийн байгууллагын дансанд гүйлгээг нэг бүрчлэн, бодит цагийн горимоор тусгах ажлыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны мөн үеээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 75 мянган ширхэг төрийн үйлчилгээний гүйлгээ дамжсан байна.
Дашрамд дурьдахад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан бид 2020 оны 6 дугаар сарын сүүлээс эхлэн төрийн үйлчилгээний төлбөр хүлээн авах, төрийн үйлчилгээний шимтгэлийг тэглэсэн.
Одоогийн байдлаар Монголбанк нь Нийслэлийн засаг даргын тамгын газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Харилцаа холбоо мэдээлэл технологийн газартай хамтран ажилласнаар ямар давуу талтай вэ?
Өчигдөр Монголбанк, ХХМТГ хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажилласнаар E-Mongolia цахим порталаар дамжих бүхий л төрийн үйлчилгээний гүйлгээ Монголбанкаар дамжин төлөгдөх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, 181 орчим төрлийн төрийн үйлчилгээний төлбөрийг Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн системд боловсруулж, тухайн агшин бүрт харилцагчийн гүйлгээ баталгаажиж, бодит цагийн горимоор Төрийн сангийн газрын дансанд тусна гэсэн үг.
Үүнээс гадна Монголбанк нь Төрийн банктай хамтран Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд төлбөрийн карт унших ПОС төхөөрөмжийг суурилуулсан байгаа. Ингэснээр иргэд үйлчилгээ авч буй цэгтээ төрийн үйлчилгээний төлбөрийг аль ч банкны картаар төлөх боломжтой төдийгүй төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн.
Цаашид Монголбанк нь төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдал, үйлчилгээний таатай орчныг бүрдүүлэхэд Засгийн газар, түүний харъяа агентлагууд, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, банкууд болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч бүхий л байгууллагуудтай хамтран ажиллаж, төлбөрийн системийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар зорьж байна.