A-
A
A+

Монголбанкны хэвлэлийн хурлаас... 2017-05-26

2017-06-05 00:00 | Ярилцлага

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр валютын нөөц нэмэгдэнэ гэж байна. Тэгвэл яг одоогоор валютын нөөц хэд байгаа вэ?

Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа:

-Монгол Улсын гадаад валютын нөөц хамгийн сүүлийн байдлаар 1.2 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Энэ нь импортын 3.2 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа үзүүлэлт. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нөөц маань аажмаар нэмэгдэж, оны эцэс гэхэд 1.6 тэрбум ам.доллар, 2020 он гэхэд 4 тэрбум ам.долларт хүрч, импортын 6.7 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өснө гэх таамаглалыг бид хийсэн байгаа.

-Ипотекийн 8 хувийн хөтөлбөрийн санхүүжилт хэвийн үргэлжилж байгаа юу. Иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна гэх гомдол өнөө хэр байсаар байна. Санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийг Монголбанк судалж байгаа юу?

МБГ-ын Бодлогын хэрэгжилт, зээлийн хэлтсийн захирал Д.Баянзул:

-Ипотекийн 8 хувийн зээл 2017 онд Монголбанкны эзэмшиж байгаа Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтөөр санхүүжигдэж байгаа. Энэ нь сард дунджаар 25 орчим тэрбум төгрөг. ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор ЗГ энэ хөтөлбөр дээр давхар орж ирж байгаа. Дөрөвдүгээр сард батлагдсан төсвийн тодотголоор 111 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Энэ онд Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хамтран санхүүжүүлнэ. Ирэх жилээс хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ. Үүний бэлтгэл ажлыг Монголбанк хийж ажиллаж байна.

-Цаашдаа санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой юу?

-Энэ жилийн хувьд одоогийн зарчмаараа сард 25 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд явна. Ирэх жилийн тухайд санхүүжилтийн ямар зарчмаар, хэрхэн явах вэ гэдэг дээр Засгийн газартай хамтран ажиллаж байна. Мөн Дэлхийн банкны зөвлөхтэй хамтраад, яг ямар хувилбараар цаашид явах вэ гэдгийг судалж байна.

-Оны эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 4 хувь буюу хүлээлтээс давж гарлаа. Энэ нь улирлын шалтгаантай байв уу, эсвэл Монголын эдийн засаг цаашдаа идэвхжиж, өсөлт нэмэгдэх хандлагатай байгаагийн илрэл үү. Төв банкны хувьд хэрхэн харж байна вэ?

Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа:

-Эдийн засгийн өсөлтийн хувьд 2016 оны эцэст ОУВС-гаас хүлээж байсан төсөөллөөс илүү өндөр буюу 1 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Учир нь дөрөвдүгээр улиралд уул уурхайн салбарын өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан. Энэ нь уул уурхайн бус салбартаа дамжиж нөлөөлөх замаар эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн байгаа. 2017 онд эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнө нь -2.1 хувь гэж байсан. Уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор энэ төсөөллийг шинэчилж, -0.2 хувь гэж таамаглаж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг энэ онд бага зэрэг агшилттай буюу 0 орчим хувь байна гэж харж байгаа. Цаашдаа томоохон мега төслүүд амжилттай хэрэгжсэн тохиолдолд эдийн засгийн өсөлтийн төлөв өөрчлөгдөх боломжтой.

-УИХ-аар нийгэм, эдийн засгийг 2018-2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэллээ. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөртэй уялдаж байгаа юу. Монголбанк энэ төсөл дээр саналаа өгсөн үү?

Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа:

-УИХ-аар хэлэлцэгдэж байгаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хувьд ОУВС-гийн хөтөлбөртэй уялдаатай байгаа. Тийм учраас томоохон өөрчлөлт гарахгүй болов уу.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны шалгалтын дүн гарсан. Монголбанкны одоогийн удирдлагууд энэ дүгнэлттэй танилцсан уу, хэзээ хариу өгөх вэ?

Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил: 

-Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлт албан ёсоор Монголбанкинд ирээгүй байгаа. Албан ёсоор ирсний дараа энэ талаар тайлбар, мэдээлэл өгөх боломжтой.