A-
A
A+

Төв банкны олон нийттэй харилцах харилцааны хувьсал

2017-06-06 00:00 | Ярилцлага

Мөнгөний бодлогын үр дүнтэй байдал нь зах зээл дээрх хүлээлтээс шууд шалтгаалдаг. Учир нь иргэд, аж ахуйн нэгжүүд г.м. зах зээлд оролцогчид юу гэж итгэхээс хамаараад тэдний хийх үйл хѳдлѳл тодорхойлогдож, энэ нь цаашлаад эдийн засагт юу болж өрнөхийг шийддэг учраас тэр. Иймд зах зээл дээрх хүлээлтийг хэрхэн оновчтой удирдах вэ гэдэг нь мөнгөний бодлогын нэг гол асуудал бөгөөд олон нийттэй харилцах харилцаа нь төв банкны бодлого илүү үр дүнтэй хэрэгжихэд тусалдаг нэгэн чухал арга хэрэгсэл болдог.

Өнөөдрийн төв банкуудын хувьд олон нийттэй харилцах харилцаа гэдэг нь (i) институцийн үндсэн зорилго зорилт, (ii) түүндээ хүрэхийн тулд хэрэгжүүлэх стратеги, (iii) эдийн засагт тулгарсан асуудлууд ба тэдгээрийг шийдэхэд чиглэсэн бодлого, (iv) цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тайлбарлах үйл ажиллагааны цогц болоод байна.

Энэ нь олны анхаарлаас далд, нууцлаг байх нь хэвийн үзэгдэл байсаар ирсэн институцийн хувьд нэлээд шинэлэг зүйл бөгөөд төв банкууд үргэлж одоогийнх шиг ийм байсангүй. Тэдний үйл ажиллагааны хувьслын түүхийг авч үзвэл дараах 3 үе шатанд ангилж үзэж болно:

  • 1990-ээд оноос өмнөх үе: Төв банкууд хаалттай, нууцлаг байсан үе

Төв банкууд 1990-ээд он хүртэл "Бага ярь, ярихдаа ойлгогдохгүй ярь" гэдэг зарчмыг баримталдаг байсан гэж хэлж болно. Энэ нь ч цаанаа шалтгаантай байв. Учир нь ихэнх орнуудад Төв банк нь засгийн газраасаа хараат байлаа. Ийм үед Төв банк их ярих тусам олны анхаарлыг татаж, улстөрөөс ирэх дарамт нэмэгдэх эрсдэл өндөр байж. Тухайн үед хөгжсөн орнуудын хувьд ч инфляц одоогийнх шиг тогтвортой, нам дор түвшинд байсангүй. Иймд төв банк аль болох чимээгүй, ярихдаа хэт мэргэжлийн үг хэллэг зориуд ашиглах нь гадны нөлөөгүй бие даасан бодлого хэрэгжүүлж, эдийн засгаа тогтвортой байлгахад хувь нэмэр оруулах түлхүүр нь болдог байв. Иймд улстөрийн анхаарлыг татахгүй байх, эдийн засагтаа сөрөг нөлөөг аль болох үзүүлэхгүйн тулд төв банкууд хаалттай байх арга замыг сонгодог байсан байна.

  • 1990-2008: Төв банкуудын нээлттэй, ил тод байдалд хувьсгал гарсан үе

1990 онд Шинэ Зеландын Төв банк (RBNZ) инфляцыг онилох бодлого (Explicit inflation targeting) руу шилжсэнээр төв банкуудын түүхэнд нэгэн цоо шинэ хуудсыг нээжээ. Хаалттай, нууцлаг байх уламжлалт арга барилаа орхин, биелүүлэхийг зорьж буй инфляцын зорилтот түвшнээ ил тодоор зарлах төв банкууд нэмэгдэх болов. Төв банкууд засгийн газраасаа хараат байх нь эдийн засагтаа сайн зүйл авчрахгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон улс орнууд төв банкны бие даасан байдлыг хуулиар хангаж өгдөг боллоо. Гэхдээ эдийн засагт маш чухал нөлөөтэй энэ институци хэнд ч захирагдахгүй дураараа байх нь мөн эрсдэлийг дагуулж болзошгүй. Иймд төв банкууд бие даасан байдлаар ажил үүргээ гүйцэтгэхдээ нээлттэй, ил тод байснаараа үйл ажиллагаа нь хяналттай байх нэг суурь болж өгчээ. Хараат бус, ил тод, нээлттэй үйл ажиллагаа нь төв банкийг илүү хариуцлагатай байлгах, улмаар олон нийтийн төв банкинд итгэх итгэлийг ч нэмэгдүүлэх хөшүүрэг болов.

  • 2008 оноос хойшхи үе: Төв банкны олон нийттэй харилцах харилцааны хувьсгал

Орчин үед төв банкууд статистик мэдээлэл, тайлангаа тогтмол ил тодоор мэдээлж, хийж буй ажлаа нээлттэй тайлагнах нь түгээмэл болсон. Харин 2008 оноос эхлэлтэй дэлхийг хамарсан хүчтэй хямрал санхүүгийн зах зээлд олон өөрчлөлтийг авчирсны нэг нь төв банкуудын олон нийттэй харилцах харилцаанд бий болгосон огцом шинэчлэл байв. Хямралын үр дүнд итгэл дээр тогтдог санхүүгийн зах зээл маш эмзэг болж, зах зээлд оролцогчдын хүлээлт хаашаа эргэхээс эдийн засаг унах, сэргэх нь шууд хамаарч байлаа. Энэ үед жижиг гэлтгүй буруу ойлголт эсвэл ташаа мэдээлэл нь хувьцааны үнэ, хөрөнгийн зах зээл, санхүүгийн системийн тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлөх эрсдэл маш өндөр болов. Иймд зах зээл дээрх тодорхой бус байдлыг бууруулж савлагааг намдаах, итгэлийг сэргээх, тогтвортой байдлыг бий болгох нь хамгаас чухал байв. Харин төв банкууд энэ үед уламжлалт арга хэрэгслүүдээ ашиглаж дуусаад, ажиллах эсэх нь батлагдаагүй уламжлалт бус арга хэрэгслүүд рүү шилжсэн байлаа. Иймд төв банк юу хэлэх нь юу хийхээсээ дутуугүй чухал үүрэгтэй болжээ. Улмаар зөвхөн нээлттэй, ил тод байхаас гадна бодлого шийдвэрийнхээ талаар идэвхтэй тайлбар хийдэг болсноор төв банкуудын олон нийттэй харилцах харилцаанд эрс өөрчлөлт шинэчлэлт бий болсон байна.

Ийнхүү дэлхийн гол эдийн засгуудад төв банкууд нь дээрх 3 үе шатыг дамжсаны эцэст нээлттэй ил тод, бодлого шийдвэрээ ойлгомжтой хэллэгээр олон нийтэд тайлбарлаж хүргэдэг одоогийн байр сууриндаа хүрчээ.

Өнөөдөр АНУ, Европын холбоо, Япон гээд дэлхийн гол эдийн засгуудад төв банкууд урьд нь хэзээ ч байгаагүйгээр нээлттэй, ил тод болж, нэгэнт гаргасан бодлого шийдвэр, цаашид баримтлах бодлогын төлөвөө хүртэл олон нийтэд танилцуулж тайлбарлах нь ердийн зүйл болжээ. Тухайлбал, Холбооны Нөөцийн Сангийн (Fed) хэвлэлийн хурал дэлхий дахины анхаарлын төвд байдаг нэг чухал үйл явдал нэгэнт болсон. Америкт бодлогын хүү хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь ХНС-ийн хурлаас хэдэн 7 хоногийн өмнөөс яригддаг сэдэв юм. Европын Төв банкны (ECB) хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж буйгаа нээлттэй мэдээлж, ойрын ирээдүйд баримтлах бодлого арга хэмжээнүүдийнхээ цар хүрээг ч урьдчилж зарлаж байна. Харин Японы Төв банк (BOJ) инфляцын зорилтоо биелүүлж чадаагүй шалтгаанаа тайлбарлаж, гэнэтийн шокууд үүнд хэрхэн нөлөөлсөн, цаашид ямар сорилтууд тулгарч байна вэ гэдгээ ч ний нуугүй ярих болж.

Төв банкууд ийнхүү ярьж байгаа зүйлээ илүү хүртээлтэй болгох, хүлээлтийг илүү үр дүнтэй удирдахын тулд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгт ч онцгой анхаарал хандуулж байна. Жишээ нь, Австралийн төв банк (RBA) эдийн засгийн сэдэвт тэмцээн уралдаанудыг идэвхтэй явуулж шагнаж урамшуулдаг бол Англи (BoE), Герман (Bundesbank), Чех (CNB) г.м. улсуудын төв банкууд гадны орны мэргэжилтнүүдийг ч үнэгүй сургаж өгдөг тусгай хөтөлбөртэй байдаг.

Сүүлийн үед төв банкуудын олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд явагдаж буй гол өөрчлөлтүүдээс дараах 3 зүйлийг онцолж болно:

  1. Үнийн тогтвортой байдлаас гадна санхүүгийн тогтвортой байдлын ач холбогдлыг онцлох болов: "Инфляцын тайлан" нь үнийн тогтвортой байдлыг зорьдог төв банкуудын хувьд эдийн засгийн нөхцөл байдал болон цаашдын таамаг, эрсдэлүүдийн талаар нээлттэй мэдээлдэг гол хэрэгсэл нь байсан. Харин 2008 оны хямралаас хойш "Санхүүгийн тогтвортой байдлын тайлан"-гийн ач холбогдол, хэрэгцээ шаардлага огцом нэмэгдэж, санхүүгийн тогтвортой байдлын талаар олон нийттэй хэрхэн харилцах вэ гэдэг чухал асуудал боллоо.
  2. Хэвлэлийн хурлын ач холбогдол хэзээ ч байгаагүй өндөрсөв: Мэргэжлийн үг хэллэг, нарийн тооцоо таамаглалаар дүүрэн тайлан, репортуудын уншигчид хязгаарлагдмал хүрээнийхэн байдаг. Иймд төв банкуудын хувьд эдийн засагт тулгарсан асуудлыг хэрхэн харж буй, ямар шийдэл бий, зорилтоо хэрхэн амжилттай биелүүлэх вэ гэдгээ энгийн ойлгомжтой байдлаар тайлбарладаг хэвлэлийн хурлуудын ач холбогдол хэзээ ч байгаагүйгээр өндөр болжээ.
  3. Санхүүгийн суурь мэдлэг боловсролд маш их анхаарах болов: Tөв банкууд аливаа улс орны мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг институци байхаас гадна статистик дата нэгтгэж түгээдэг том мэдээллийн сан, эдийн засгийн тооцоолол таамаглал хийдэг хүчирхэг судалгааны байгууллага байсаар ирсэн. Харин сүүлийн үед бодлого шийдвэрээ идэвхтэй тайлбарлах замаар олон нийтийн хүлээлтийг удирдаж, бодлогын үр дүнтэй байдлаа хангах нь чухал болов. Үүний тулд төв банкууд эдийн засаг, санхүүгийн суурь ойлголтуудыг нийгмийн олон бүлэгт хүргэдэг нэг төрлийн боловсролын байгууллага ч болж хувирч байна. 

 

Б.Түмэнцэнгэл