A-
A
A+

Иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ

2025-09-01 16:39 | Мэдээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох эрх зүйн орчин бүрдсэн.

Монголбанкнаас уг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах боломжийг хязгаарлаж буй зээлийн ангиллын мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх (зээлийн мэдээллийн лавлагаан дахь “ангилал” баганыг хасах) арга хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Иргэн, аж ахуйн нэгжүүд өмнө нь зээлийн муу түүхтэй болсон тохиолдолд зургаан жилийн хугацаанд банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломж нь хязгаарлагддаг байсан. Харин иргэдийн зээлжих чадварыг оноогоор дүгнэж эхэлснээр зээлийн муу түүх, “хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болж, иргэн зээлээ төлж чадахгүйд хүрч оноо нь буурсан ч гэсэн эргээд зээлээ төлж эхлэхэд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөж, зээлийн оноо нь сайжрах боломжтой болж байна” гэв.