Буцах

Монголбанкны түүх

Монгол ардын хувьсгал ялалтынхаа анхны өдрүүдээс эхлэн тус орны улс төр, эдийн засгийн амьдралыг бүхэлд нь өөрчлөн төвхнүүлэхтэй холбогдсон олон чухал арга хэмжээг дэс дараатай, системтэйгээр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний дотор зах зээл дээр хязгааргүй ноёрхож байсан гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчдийг шахан зайлуулж үндэсний банк, мөнгө зээлийн системийг үүсгэн байгуулах явдал чухал байр эзэлж байжээ.

Ардын засгийн газраас төрөл бүрийн системтэй арга хэмжээ авч, зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банк /Монгол банк/-ийг Алтанбулаг дахь нэг салбарын хамт нээж ажиллуулжээ. Монгол банк анх нээгдэхдээ 260000 янчааны хөрөнгөтэй, 22 орон тоотой, үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, монгол ажилчид 4 байжээ. Дөрвөн монгол ажилтны хоёр нь буюу Цэдэн-Иш, Бат-Очир нар нь бичиг үсэг мэддэг, үндэсний сэхээтний төлөөлөгч байснаас Монголбанкны Ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж эхэлсэн. Харин Дугар, Юндэн нар нь банкны ажлаар дагалдан сурагч, данс хөтлөгчөөр ажиллаж эхэлжээ. Монголбанкны ерөнхий хорооны анхны даргаар В.И.Комор, ерөнхий нягтлан бодогчоор Ф.Ф.Трифонов, хянан шалгагчаар А.С.Таршис, ерөнхий хорооны гишүүнээр Г.Н.Шур, Б.М.Берлацкий нарын зэрэг банкны мэдлэг боловсрол туршлагатай Орос хүмүүс ажиллаж байжээ. Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банк /Монголбанк/-ны анхны салбар болох Алтанбулаг дахь банкны салбарын даргаар Ф.С.Власов, няраваар И.В.Маркевич нар ажиллаж байжээ.

Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн банкийг байгуулахдаа "Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк", "Монголбанк" гэсэн хоёр нэрийг хэрэглэдэг байсан ч албан хэрэг, материалд ихэвчлэн "Монголбанк" гэж нэрлэж байжээ.

Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн БНМАУ-ын Засгийн газар 1925 оны 2 дугаар сарын 22-нд мөнгөний шинэчлэлт явуулах тухай тогтоол гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг "Төгрөг" гэж нэрлээд 25 хувь нь үнэт металл гадаадын тогтвортой валютаар, 75 хувь нь түргэн борлогдох бараагаар батлагдсан мөнгийг гүйлгээнд гаргах эрхийг Монголбанкинд олгожээ. Монголбанк 1925 оны 12 дугаар сарын 9-нд 200100 төгрөгийг анх гүйлгээнд гаргасан нь Монгол оронд мөнгөний гүйлгээ цоо шинэ түвшинд хөгжих бодитой эхлэл болов. Төгрөгийг гүйлгээнд гаргахдаа шинэ мөнгөн тэмдэгтийн эрдэнэ металлын баталгааны хэмжүүр болгож 18 грамм цэвэр цагаан мөнгөөр цутгасан нэг төгрөгийн зоос, 50 мөнгө; 15, 10 мөнгөний цэвэр цагаан мөнгөн зоосыг гүйлгээнд гаргасан. Монголбанк нь энэ үеэс гүйлгээнд мөнгө гаргах эрх бүхий эмиссийн банкны үүрэг гүйцэтгэсэн.

Үндэсний мөнгөн тэмдэгтийг анх гүйлгээнд гаргасан эхний үед шинэ мөнгөн тэмдэгт төгрөг, янчаан хоёр гүйлгээнд зэрэгцэн явж байгаад 1927 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн бүх төрлийн мөнгөн гүйлгээ, тооцоог "төгрөг"-өөр гүйцэтгэх болж худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлэх, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр зохицуулахад нөлөөлж, ардын аж ахуйтанд зээл олгох арга хэмжээ авч эхэлсэн.

1980-аад оноос хойш Улсын банкны нийт байгууллага, ажилтнуудын ажилд нэг шатлалтай, банкны монополь системийн хэт төвлөрсөн, удирдлагатай уялдсан олон шат дамжлага бүхий зөвшөөрөл хяналт, улсын эрх ашгийг урьдал болгох үүднээс үүссэн бүх байгууллага, цэг салбарын санхүү, эдийн засгийн ажлын явцад оролцож хянах эрмэлзлэл зэрэг нь харилцагч байгууллага хөдөлмлөрчдийг чирэгдүүлж, тэдний дургүйцлийг хүргэж, шүүмжлэгдэх болсон юм. Түүнчлэн тэр үеийн нам, засгийн удирдлагаас банкны ажилд гүнзгий хутгалдан оролцож, хаана хөрөнгө мөнгө дутагдаж, шаардагдана, түүнд их хэмжээний зээлийг хөрөнгийн эх үүсвэр баталгааг харгалзахгүйгээр олгох чиглэл өгч зарим салбарт хүүгүй юм уу, хөнгөлөлттэй хүүтэй зээл олгож, түүнийгээ төлж чадахгүй нэгдэл, байгууллагын зээлийн өрийг хүчингүй болгох шийдвэрийг удаа дараа гаргах болсон нь яам, байгууллагууд, нам, засгийн түлхээс хэрэглэн банкнаас аль болох их зээл авч, түүнээ хөнгөлүүлэх, хүчингүй болгуулах эрмэлзлэл ихэсч, бүхнийг зээлээр хөдөлгөх бэлэнчлэх сэтгэлгээ бүрдэн тогтоход хүргэсэн билээ.

Нэг банкны монополь систем ингэж шүүмжлэгдэх болсон нь хөгжил дэвшлийн зүй ёсны шаардлага, нийгмийг шинэчлэн өөрчлөх үйл явцын зүй ёсны тусгал байсан юм. Иймээс 1989 оны сүүлч, 1990 оны эхээр, банкнаас өөр байгууллагад ажиллаж байсан банкны ажлын мэргэжил дадлага туршлага бүхий зарим хүмүүс шинэ банк байгуулах саналаа илэрхийлэх болсон. Тухайлбал, 1989 оны сүүлчээр Ц.Далхаа Газар тариалангийн банк, Д.Готов Үйлдвэр худалдааны банк, 1990 оны эхнээс М.Тэрбиш Монголын улаан загалмайн банк, Янсанжав Аж үйлдвэрийн банк байгуулах хүсэлтээ илэрхийлж байсан ба шинэ банк байгуулах санал гаргахдаа тэд зөвхөн нэг салбар, байгууллагын чиглэл барьсан банк байхаар бодож сэдсэн нь нэг банкны монополь үйлчилгээ байгууллага, салбарыг чирэгдүүлж байснаас тухайн салбарын эрх ашгийн төлөө ажиллах банк байгуулах бодол санаа юуны түрүүнд төрсөнтэй холбоотой байх. Ийнхүү шинэ банк байгуулах санал хүсэлттэй хүмүүсээс хамгийн түрүүн М.Тэрбиш /н.Д.Готов, Б.Мягмар нарын хамт/ Монголын Улаан загалмайн банк байгуулах шийдвэр, дүрмийн төслөө 1990 оны 5 дугаар сарын 15-нд Улсын банкны ерөнхий хорооны гишүүдийн хуралд оруулан хэлэлцүүлсэн билээ. Улсын банкны ерөнхий хорооны тэр хурлаас олон нийтийн нэг байгууллагын хөрөнгөөр банк байгуулахыг түдгэлзэж, хувь нийлүүлэгчдээ өргөтгөх чиглэл өгсөний дагуу Монголын үйлдвэр, үйлчилгээний хоршоодын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд хувь нийлүүлэгчдээр оролцож "Монгол хоршоо" банк байгуулахаар шийдэж, дүрэм, журмаа боловсруулан Улсын банкны ерөнхий хорооны гишүүдийн хурлаар дахин хэлэлцүүлж, банк байгуулах зөвшөөрөл авсан билээ. Энэ нь Монголд арилжааны банк байгуулах их замын анхны гараа, шинэ банк байгуулах асуудлыг Төв банкнаас шийдвэрлэх анхны сургууль болж цоо шинэ зам гаргасан билээ.

Үүний дараахан Г.Янсанжав Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банкийг байгуулах зөвшөөрөл авах тухай хүсэлтээ Улсын банкинд ирүүлснийг Улсын банкны ерөнхий хорооны 1990 оны 9 дүгээр сарын 14-ний хурлаар хэлэлцэж, тус банкны дүрмийг баталж, 1990 оны 11 дүгээр сарын 5-нд банк байгуулах зөвшөөрөл өгсөн байна. Түүнчлэн 1990 онд Монгол Даатгал банк, 1991 онд Худалдаа хөгжлийн банк, Хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлийн банк байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Ингэснээр Монголд банкны хууль гарахаас өмнө, олон банкны тогтолцоот системд баримтлах чиглэл, арга барил тогтоогүй байхад анхны арилжааны банкууд үүсэн байгуулагдсан онцлог бий. Ер нь Монгол оронд эхэлсэн өөрчлөлт, зах зээлийн тогтолцоонд орох шилжилтийн эхэнд банкны систем тэр аяараа өөрчлөгдөж, шинэ тогтолцоонд шилжсэн нь бусад салбар нэгжийн өөрчлөлтөд нэлээд түлхэц үзүүлсэн билээ. Банкны системийн энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг төр засаг, Төв банкнаас удирдан чиглүүлэхийн тулд 1990 оны 8 дугаар сарын 24-нд Сайд нарын Зөвлөлийн 422 дугаар тогтоолоор "Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм" батлан мөрдүүлж улмаар 1991 оны 4 дүгээр сард Улсын Бага хурлаас "Банкны хууль"-ыг батлан гаргаж хэрэгжүүлсэн билээ. 1991 оноос хойшхи 11 жилийн хугацаанд Монгол Улсад банкны хоёр шатлалт бүхий цоо шинэ систем буюу төрийн мэдлийн Монголбанк, хувь нийлүүлэгчдийн хувь хөрөнгөөс бүрдсэн арилжааны банк гэсэн хоёр шатлалтай банкны систем бүрэлдэн тогтсон билээ. Одоо Монголбанк нь 20 аймаг, хотод салбар, төлөөлөгчийн газартай, 286 ажиллагсадтайгаар төрийн мөнгөний бодлогыг удирдан зохион байгуулж, арилжааны банкнуудын үйл ажиллагааг хянан чиглүүлж байна.

Монголбанк үүсэн байгуулагдсанаасаа хойш Монгол улсын зах зээлд шилжих шилжилтийн тогтворгүй ээдрээтэй эдийн засгийн явцад мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг аль болохоор тогтвортой түвшинд барьж, үнийн өсөлтийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгахад чиглэгдсэн мөнгөний хатуу бодлого баримталж, улс орныхоо эдийн засгийн үйл ажиллагаанд бодитой дэмжлэг, нөлөөлөл үзүүлж ирлээ.

Банкны 2 шатлалтай тогтолцоонд шилжсэнээс хойш арилжааны 30 банк байгуулагдаж, үйл ажиллагаа явуулснаас 14 банк нь зах зээлийн жам хуулийн дагуу өөрийнхөө үйл ажиллагааны алдаа, эндэгдлээс шалтгаалан дампуурч, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоож, 2006 оны эцсийн байдлаар нийт 16 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулж байна. Арилжааны 16 банкны харъяанд 436 салбар, нэгжээр Монгол улсын бүх аймаг, хот, сум, суурин газруудад үйлчилж байгаа бөгөөд тэдгээрт 3153 гаруй ажилтан ажиллаж манай улсын бүх аж ахуйн нэгж, иргэдийг банкны ажил үйлчилгээ, зээл, тооцоогоор үйлчилж байна.

Одоо Монгол улсын зах зээлийн шинэ тогтолцоонд тохирсон банкны хоёр шатлалтай систем бүрэлдэн тогтож, тэдгээрийн үйлчилгээ, үйл ажиллагаанд зарчмын цоо шинэ арга хэлбэр бүрэлдэн тогтлоо. Банкны шинэчлэл нь эхэн үедээ зах зээлийн тогтолцоонд Монгол улсын аж ахуйн бусад салбаруудын шинэчлэл өөрчлөлтөд идэвхжүүлэх, эрчимтэй нөлөө үзүүлсэн билээ.

Дээш буцах