Буцах
Хуримтлалын ач холбогдлыг хүүхдүүдэд танилцууллаа
Огноо: 2017/10/23

Монголбанкнаас “Санхүүгийн боловсрол” гурван сарын
хугацаат аяныг улс орон даяар эхлүүлээд буй. Энэхүү аяны хүрээнд Монголбанк,
ХБНГУ-ын “Хадгаламжийн Банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан”, Монголын
Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран Дэлхийн хуримтлалын
өдрийг үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болгохыг зорьж байна.
Дээрх байгууллагууд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтаж,
хуримтлалын ач холбогдол болон Монгол улсын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг
сурагчдад таниулах сургалтыг өнөөдөр /2017.10.23/ эхлүүллээ. Сургалтанд
нийслэлийн Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийн 5-р ангийн сурагчид
хамрагдсан бөгөөд энэ үеэр хүүхдүүдэд хуримтлал үүсгэхийн давуу талыг
тайлбарлан, “Хуримтлалын авдар”, “Халаасны мөнгөө зарцуулах төлөвлөгөө”-ний
дэвтэр, санхүүгийн боловсрол олгох зурагт номыг тус тус дурсгав.
Жил бүрийн 10-р сарын 31-нд олон улсын хэмжээнд
тэмдэглэдэг “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн онцлог нь хүүхдүүдийг бага наснаас
нь хуримтлал үүсгэх дадалтай болгох, түүний ач холбогдлыг ойлгуулахад оршиж
байна.
Энэ өдрүүдэд Монголбанк, ХБНГУ-ын “Хадгаламжийн банкны олон улсын хамтын
ажиллагааны сан”, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпорацитай
хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”, “Хуримтлалын сар”-ын хугацаанд Ерөнхий
боловсролын 16 сургуулийн 500 гаруй сурагчдад хуримтлалын талаар танин мэдэхүйн
сургалтыг зохион байгуулах юм.