2017.04.10 Буцах

НИЙЛ САКЕР: Xөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл зээлийн хүү буурна



Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакертай ярилцлаа.

-Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд улсын төсвөө тодотгох ёстой. Хэрэв хугацаандаа амжихгүй бол Монгол Улс энэ хөтөлбөрт хамрагдах, эсэх нь эргэлзээтэй болох уу?

-Монгол Улсын Засгийн газартай харилцан тохиролцсон урьдчилсан нөхцөлүүдийн нэг нь энэ оны төсөвт тодотгол хийж, УИХ-аар батлуулах юм. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын хүсэлтийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлэхээс өмнө энэ нөхцөлийг биелүүлж, төсвөө тодотгох ёстой гэсэн үг. Тиймээс үүнийг ойрын хугацаанд хийх шаардлагатай. Хаврын чуулганы үеэр хэлэлцэх асуудлын хамгийн эхнийх нь энэ. Энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 14, 15-нд төсвийн тодотголыг батална гэсэн мэдээлэл бий. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хуралдааныг энэ сарын 28-нд товлоод байгаа. Тиймээс цаг хугацааны хувьд амжина.

- Би тантай мөнгөний бодлогын хүрээнд тавьсан нөхцөлүүдийн талаар тодруулж ярилцмаар байна. Төвбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ бодлогоо хэвээр хадгалахыг ОУВС зөвлөсөн. Хэр удаан үргэлжлэх бол?

-Монгол Улсын өнөөгийн зээлийн хүүгийн түвшин маш өндөр байгаа. Төгрөгөөр олгож буй зээлийн хүү дунджаар 25- 30 хувь. Ийм орчинд бизнес ашигтай байх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд бодлогын алдаа гаргаж, хүүгийн бүтэц буруу болсонтой энэ нь шууд холбоотой. Тухайлбал, ам.долларын хадгаламжийн хүү Монголд найман хувь байгаа. Харин АНУ-д нэг хувь. Тухайн орны эрсдэл өндөр байгаагаас хүү нь дагаж өссөн гэсэн үг. Засгийн газар ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадвал цаашид Монгол Улсын эрсдэл буурах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад хүүгийн бүтэц сайжирна. Мөн Засгийн газар их хэмжээний зээл авах шаардлага нь багасах юм. Зээлийн эрэлт багасахаар Засгийн газрын үнэт цаасны хүүгийн түвшин доошилно. Ингэснээр гадаадынхан Монгол Улсад төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх сонирхол нь нэмэгдэнэ. Тиймээс энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл хүү цаашид буурна гэдэгт итгэлтэй байна.

-Төсвийн тодотголд зарим татварыг нэмэхээр тусгасан. Энэ нь хувийн хэвшлийнхэнд хэрхэн нөлөөлөх вэ?

-Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж эхэлснээр хөрөнгө оруулалт сэргэнэ гэж хүлээж байгаа. Ингэснээр хүүгийн ерөнхий түвшин буурна. Үүнийг даган хадгаламж болон зээлийн хүү хоёул багасна. Одоогоор хадгаламж болон зээлийн хүүгийн зөрүү их байгаа. Энэ нь банкны үйл ажиллагаа, бүтэц оновчгүйн илрэл юм. Тиймээс банкуудын балансыг сайжруулах арга хэмжээ авна. Үр дүнд нь зээлийн хүү буурна. Татварын тухайд өндөр орлоготой иргэдэд ногдох хэмжээ нь өснө гэж харж байгаа. Бага орлоготой иргэдэд энэ нь нөлөөлөхгүй. Монгол Улсад татвар ногдох хувь хэмжээ дэлхийн бусад орныхтой харьцуулахад бага учраас нэмэгдүүлэх орон зай бий гэж бодож байна. Мөн НӨАТ-ыг нэмэгдүүлээгүй гэдгийг онцлон тэмдэглэе. Ер нь өндөр орлоготой хүмүүсээс ахиу татвар авах зарчим баримталж байгаа.

-Арилжааны банкны хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Их, бага хадгаламжтай хүмүүсээс ялгаатай татвар авах уу. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах ёстой гэдэг үндэслэл нь юу вэ?

-Энэ талаар Сангийн яамныхан илүү нарийн мэдээлэл өгөх байх. Хэлэлцээрийн хүрээнд хадгаламжийн хүүгийн орлогод татвар хэрхэн ногдуулах вэ, хувь хэмжээ нь ялгаатай байх, эсэх талаар яг таг тохирсон зүйл байхгүй. Ер нь бол төсвийн бодлогын хүрээнд орлогоо өсгөн, зарлагаа танаж, алдагдлыг багасгах зорилготой байсан. Ингэснээр өр багасна. Төсвийн зарлагын нэлээд хувийг өрийн үйлчилгээний зардал эзэлдэг. Хэрэв төсвийн алдагдал өндөр хэвээрээ байвал өр өсөөд л байна. Тиймээс төсвийн алдагдал, өрийг хумихын тулд зарлагаа танах ёстой. Гэхдээ зарлагаа хэтэрхий их багасгах нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй. Иймд төсвийн орлогыг өсгөх арга хэмжээний хүрээнд зарим татварын хувь хэмжээг нэмж байгаа. Хамгийн гол нь төсвийн алдагдлыг бууруулах энэ ачааг нэг хэсэг хүн бус, нийтээрээ хуваан үүрэх нь зүйтэй гэж үзсэн.

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноор ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсоосон гэсэн мэдээлэл гарах болсон. Монголбанк санхүүжилтээ Засгийн газарт хэзээ шилжүүлэх вэ. Энэ талаар юу гэж тохиролцсон бэ?

-Засгийн газар төсвийн зардлаа багасгах шаардлагатай байгаа шүү дээ. Харин ямар зардлыг танах вэ гэдэг нь Засгийн газрын өөрийнх нь шийдэх асуудал. Хэрэв моргэйжийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэвэл бид хүлээн зөвшөөрч, дэмжинэ. Гэр хороололд маш олон хүн амьдарч байна. Өвлийн улиралд утаа ихэсдэг гэх мэт олон асуудал бий. Тиймээс моргэйжийн хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ Төвбанк энэ хөтөлбөрийг санхүүжүүлэх нь буруу. Харин Засгийн газар цаашид хариуцаж, санхүүжилтийг нь төсөвтөө тусгах нь зүйтэй. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг багасгах зорилт тавьсан учир энэ хэмжээндээ багтаан Засгийн газар моргэйжийн хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой. Харин Төвбанк үүнд оролцохгүй байх хэрэгтэй. Учир нь Төвбанкны эрхлэх үйл ажиллагааны хүрээнд энэ нь хамаардаггүй. Моргэйжийг Засгийн газарт шууд шилжүүлэхэд зарим асуудал байсан. Одоогоор энэ хөтөлбөрийг хүүгийн төлбөрөөр санхүүжүүлж буй. Тэгэхээр одоо байгаа моргэйжийн зээлийн үлдэгдэл нь ойрын хугацаанд өсөхгүй гэсэн үг. Монголбанк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад зээлийн хэмжээ хяналтгүйгээр өссөн. Тэр хэрээр Монголбанкинд дарамт учирсан тул хяналт хэрэгтэй. Ер нь санхүүжилтийн хэмжээ одоогийн түвшинд байна гэж ойлгож болно.

-Үүнээс гадна арилжааны банкуудын “эрүүл мэнд”-д онцгой анхаарсан шүү дээ. Тухайлбал, банк бүрт үнэлгээ хийнэ гэсэн. Үүнийг хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ гэдэг нь ямар учиртай вэ?

-Арилжааны банкууд зээлээ танаж эхэлсэн. Балансынхаа бараг тал хувийг бэлэн мөнгө хэлбэрээр байршуулсан. Мөн сул чөлөөтэй дийлэнх эх үүсвэрээрээ Засгийн газрын үнэт цаас худалдан авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэн, өндөр өгөөж хүртээд сууж байна. Уг нь эдийн засаг хүндэрсэн үед арилжааны банк хувийн хэвшлийнхнийг санхүүгийн эх үүсвэрээр хангах ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Үүнтэй зэрэгцээд чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн үед огцом өссөн. Тиймээс үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авахаас өмнө банкны системд тулгарсан ямар асуудал байна вэ гэдгийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх юм. Хөндлөнгийн байгууллага нь бидэнтэй харилцан тохиролцсон, нэгдсэн аргачлалаар үнэлгээ хийнэ. “Онош”-ыг нь тогтоосны дараа ямар эмчилгээ хийх вэ гэдэг нь тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, банкуудын үйл ажиллагааг бэхжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ гэдэг нь тодорхой болно. Үүний дараа хувь нийлүүлэгчид нь шаардлагатай байгаа нэмэлт эх үүсвэрийг гаргах ёстой болно. Ингэснээр арилжааны банк санхүүгийн хувьд бэхжиж, эдийн засгаа тэтгэх зээл, санхүүжилт гаргах боломж нь нээгдэнэ. Зээлийн хүү ч гэсэн буурах ёстой. Монголбанк засаглал, хараат бус байдлаа бэхжүүлэх зорилгоор зарим арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна арилжааны банкинд тавих хяналт, шалгалтаа сайжруулахад ч анхаарч буй. Энэ бүх ажлыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэхээр чармайж байна. Хамгийн гол нь өмнөх алдаагаа дахин давтахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ер нь өнгөрсөн хугацаанд Монголын эрх баригчдын гаргасан бодлогын алдаанаас үүдэн эдийн засаг нэг бол хурдтай өсөх, эсвэл огцом унаж, маш их донсоллоо. Хөгжиж буй орны хувьд эдийн засаг нь удаан хугацаанд тогтмол өсөх нь чухал. Ази тивийн улс орнуудын эдийн засаг жилд дунджаар найман хувь өсөж байна. Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж байгаад дараа нь хүндрэх үед олон асуудал тулгардгийг бид өмнөх жишээнээс харсан. Тиймээс үүнийг дахин давтахгүйн тулд банкны системээ бэхжүүлье, бодлогоо ч сайжруулъя. Үүний төлөө ч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

-Манай улс өмнө нь 2009 онд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ОУВС-гийн тавьсан зарим нөхцөлийг биелүүлж чадаагүй. Одоо зарим салбарт үр дүн гарахгүй, нөхцөлийг биелүүлэхгүй бол яах вэ?

-Монгол Улс өмнө нь “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад эдийн засгийн гадаад нөхцөл одоогийнхоос өөр байсан. БНХАУ-ын Засгийн газраас эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байв. Зэсийн дэлхийн зах зээлийн үнэ богино хугацаанд өссөн. Үүний үр дүнд хямралд орсон Монголын эдийн засаг богино хугацаанд сэргэсэн. Одоо бол гадаад нөхцөл байдал өмнөх шигээ таатай бус байна. Зэсийн үнэ тогтвортой байх төсөөлөл бий. Тиймээс Монгол Улсын Засгийн газар энэ нөхцөлд тохирсон бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Ер нь бодлого нь удаан хугацаанд тогтвортой, нэг чигт байх нь чухал юм. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа үед гурван сар тутамд үнэлгээ хийнэ. Төсвийн алдагдал, өрийн хэмжээ зэрэг эдийн засгийн үзүүлэлт бүрт зорилтот түвшинг тогтоосон байгаа. Үүнээс гадна банкны системд авах арга хэмжээг хэрэгжүүлсэн байх ёстой гэх мэт нөхцөлийг тохирсон. Үүнийг хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг үнэлэх ажлын хэсэг улирал тутам ирж, ажиллах болно. Тухай бүртээ тайлан бичиж, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд танилцуулна. Монгол Улсын Засгийн газар тохирсон зүйлсээ биелүүлж байвал дараагийн шатны санхүүжилтийг нь олгоно. Зуд болох, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ огцом хямдрах зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зорилтот түвшинд хүрээгүй бол биелүүлэх хугацааг нь хойшлуулах боломжтой. Харин хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаангүй үед “гэрийн даалгавар”-аа хийгээгүй бол ОУВС- гийн Захирлуудын зөвлөл дараагийн шатны санхүүжилтийг нь зогсоох шийдвэр гаргах магадлалтай. Мөн хөтөлбөрт хамрагдахын нэг давуу тал нь ОУВС- гаас гадна олон талт болон хоёр талт хандивлагчид туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм. Тиймээс хандивлагч орнууд ОУВС-гийн үнэлгээг анхааралтай ажиглаж байдаг. ОУВС санхүүжилтээ түр зогсоовол бусад хандивлагч орон ч зээл, тусламж олгохоос татгалзах магадлал бий. Гэхдээ энэ хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан. ОУВС бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцож байгаа. Иймд Засгийн газар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тууштай байр суурьтай байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Манай улс Өргөтгөсөн санхүүжил- тийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл цаашид ОУВС-гаас олгох зээлийн квотоо өсгөх боломж бий юү?

-ОУВС-гийн санхүүжилтийн квот нь хөтөлбөрөөс тусдаа зүйл. ОУВС-г 189 гишүүнтэй хадгаламж зээлийн хоршоотой зүйрлэж болох юм. ХЗХ-нд гишүүдийн оруулах хөрөнгийн хэмжээ нь тухайн улсын эдийн засагтай шууд хамааралтай. Монгол Улсын эдийн засаг жижиг учир ОУВС-д эзэмшиж байгаа квотын хэмжээ ч бага буюу ойролцоогоор 100 сая ам.доллар байгаа. Мөн тухайн улс хэдий хэмжээний зээл ОУВС-гаас авах боломжтой вэ гэдэг нь квотоос шалтгаалдаг. Энэ зээлийн хүү хямд буюу жилийн хоёр хувиас бага байдаг. Эргэн төлөх хугацаа нь таваас дээш жил. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болбол нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ. Энэ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувьтай тэнцэж байна. ДНБ-д харьцуулсан хэмжээгээр нь тооцвол ОУВС-гийн өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээс хамгийн өндөр дүн бүхий санхүүжилттэй нь юм. Мөн ОУВС-гаас квотын тогтолцоог саяхан өөрчилсөн. Бразил болон Азийн зарим томоохон орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх хэмжээ нь тэлж буй учир эдгээр орны квотын хэмжээг өсгөж, хөгжингүй орнуудынхыг бууруулах арга хэмжээ авсан. Үүний хүрээнд Монгол Улсын квот бага зэрэг нэмэгдсэн. Үүнд үндэслэн Монгол Улс 440 сая ам.долларын зээл авах боломжтой болсон юм.

-Улс орнуудад бага хүүтэй зээл олгох нь ОУВС-д өөрт нь ямарашигтай вэ гэж олон нийт сонирхож байна.

-ОУВС зөвхөн зээл олгодоггүй. Үүнээс гадна улс орнуудад тодорхой асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Монгол Улсын хувьд Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагад манай мэргэжилтнүүд болон тухайн чиглэлээр мэргэшсэн олон улсын шинжээчид зөвлөмж өгдөг. Мөн төрийн албан хаагчдыг АНУ-ын Вашингтон болон Сингапурт сургалтад хамруулдаг юм. Түүнчлэн Монголын эрх баригчидтай хамтран бодлогын хэлэлцүүлгийг тогтмол өрнүүлдэг. Тиймээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь ОУВС-гийн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны багахан хэсэг юм. Олон нийтээс өргөн сонирхож байгаа асуултад хариулсан тайлбарыг  өгсөн мэдээллийг ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрын http://www.imf.org/external/country/MNG/rr/index.htm цахим хуудсанд мэдээлсэн байгаа тул уншигчид тэндээс мөн өргөн ойлголтыг авч болох юм.

-Ярилцсанд баярлалаа.

Дээш буцах