Буцах

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үзмэр

Монгол Улсад 1921 онд ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол Улсыг тунхаглаж, Монгол ардын засаг үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Ардын засгийн газраас эдийн засгийн төрөл бүрийн арга хэмжээг дэс дараатайгаар авч хэрэгжүүлсний нэг нь Монгол Улсад үндэсний банк байгуулах явдал байлаа. Ардын засгийн газар Орос улстай хамтран Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ийг байгуулж, 1924 оны 6 дугаар сарын 2-ноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банк үйл ажиллагаагаа эхэлсэн анхны өдрөөс улсын эрдэнэсийн нөөцийг бүрдүүлж эхэлсэн байна.

Улсын эрдэнэсийн нөөцийг арвижуулахад онцгой анхаарал тавьж ажилласны үр дүнд Монгол Улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн баялаг цуглуулгатай болж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1983 оны 101 дүгээр тогтоолоор Улсын банкинд (хуучин нэрээр) “Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд”-ыг тусгаарлан байгуулсан билээ.

1994 онд “Эрдэнэсийн сангийн тухай хууль” Улсын Их Хурлаар батлагдсан нь Улсын Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг хуульчилж, түүний халдашгүй байдлыг баталгаажуулсан юм.

Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 80 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан “Эрдэнэсийн сангийн үзмэр”-ийг байгуулж, Эрдэнэсийн санд хадгалагдаж буй үнэт зүйлийн дээжээс олон нийтэд дэлгэн үзүүлэх боломж бүрдсэн.

“Эрдэнэсийн сангийн үзмэр”-т Чингис хааны үеийн түүхэн зоосууд, дурсгалын алт, мөнгөн зоосууд, Шашин төрийг хослон баригч Богд хааны алт, мөнгө, хаш тамганууд, манж, төвд, хятадаас Богд хаанд ирүүлсэн алтан өргөмжлөлүүд зэрэг түүхийн хосгүй үнэт зүйлс болон түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэл, монгол дархчуулын урласан ховор нандин эдлэл хэрэглэлүүдийг үзэж сонирхох боломжтой.

“Эрдэнэсийн сангийн үзмэр”-ийг үзэж сонирхох иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлтээ Монголбанкинд бичгээр ирүүлж, үзмэрийг үзэх цагаа ажлын өдрүүдэд товлох боломжтой.

Эрдэнэсийн сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 319543, 319532, 329677 утсаар холбоо барина уу.

Дээш буцах